Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссын төлөөлөгч Ми Фэн хэлэхдээ “Ухань хотод халдварын эрчимтэй тархалтыг хяналтдаа авсан. Ухань хотоос гадна Хубэй муж болон бусад мужуудад эмчилгээ үр дөнгөө өгч, хүмүүс эдгэрсээр байна” гэж мэдэгджээ.
Ухань хотод өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард гарсан халдвараар 86500 гаруй хүн халдварласны олонх нь Хятад, тэр дундаа Хубэй мужид байв. Хятадад халдварын тоо буурч эхэлсэн ч дэлхийн 76 оронд халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, 3100 гаруй хүн нас бараад байна. Хубэй мужид Ням гаригт халдварын 196 тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хоногт нэмэгдэж буй халдварын тоо анх удаа буурсан тохиолдол байв. Хятадад Ням гаригт нийтдээ 202 тохиолдол бүртгэгдсэн аж.