Дэлхий

“ИХ 7”-гийн сангийн сайд “Covid -19” вирусний тархалтын асуудлаар хэлэлцэнэ

Нийтэлсэн

Шинэ коронавирусний тархалт зарим улс орнуудад эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор  “Их 7”-гийн орнуудын сангийн сайд нар утсаар яаралтай хуралдааныг хийхээр болсон байна. Сайд нар шинэ коронавирусний дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд үзүүлж байгаа сөрөг нөлөө,  үүний  эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвшилцөх юм.

COVID-19 вирусийн дэгдэлтээс үүдэн олон улсын хөрөнгийн биржийн индексүүд уналтад ороод байгаа. АНУ, Япон болон Европын санхүүгийн зах зээлийн хүлээгээд байгаа алдагдал 2008 оноос хойших хамгийн томд тооцогдож  байгаа. Тэгвэл “Их 7”-гийн орнуудын сангийн сайд нар утсаар холбогдож, дэлхийн эдийн засгийн сааргамжилтад бэлтгэх болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах талаар яриа хэлэлцээ өрнүүлэх юм. Дэлхийн зарим хүчирхэг эдийн засагтай орнууд олон улсын санхүүгийн зах зээлийн уналтыг зүгээр хараад суухгүй гэдгээ аль хэдийн  илэрхийлээд байгаа. 

Тодруулбал, даваа гарагт Японы Төв Банкны ерөнхийлөгч Күрода Харүхико  санхүүгийн салбарыг тогтворжуулахад шаардлагатай хөрөнгийг гаргаж, бусад арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн юм. Харин Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Жером Пауэлл өнгөрсөн баасан гарагт хийсэн мэдэгдлийнхээ үеэр шинэ коронавирусний эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах үүднээс Америкийн төв банк хүүгийн хэмжээгээ бууруулахаар бэлтгээд байгааг мэдээлсэн.  Энэ хооронд хөрөнгө оруулагчид “Их 7”-гийн сангийн сайд нарын  уулзалтаас ямар үр дүн гарахыг ойроос ажиглаж байгааг олон улсын  зарим хэвлэлд онцолжээ.

Exit mobile version