Орон нутаг
Орон нутгийн замд автомашины ослууд гарчээ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хот хоорондын зорчих хөдөлгөөнийг өчигдөр нээсэн билээ. Энэ хугацаанд орон нутгийн замд зам тээврийн ослууд бусад өдрүүдийнхээс харьцангуй их бүртгэгджээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Өлзийт суманд Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан иргэн Д-ын “Тоёота приус-10” загварын 5 зорчигчтой автомашин автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолдсон тухай дуудлагыг өчигдөр /03.03/ 13:11 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид автомашинтай очиж, 1:29 цагийн хугацаанд ажиллаж аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Өлзийт сумын эмнэлэгт шилжүүлэн өгчээ.
Завхан аймгийн Нөмрөг суманд Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн М-ын Приүс-20 загварын 4 зорчигчтой автомашин осолджээ. Энэ талаарх дуудлагыг мэдээллийг аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч цагдаагийн алба хаагчидтай хамтран ослын газарт очин 4 зорчигчийг аварч гарган Нөмрөг сумын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.
Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн Зах булаг гэдэг газар Ховд аймгийн Манхан сумын Жаргалант сумаас Мөнххайрхан сумын төв рүү зорчиж явсан иргэн Э-ын УАЗ-469 загварын 6 зорчигчтой автомашин осолджээ. Тус аймгийн Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагчид 25 минут ажиллаж, 6 зорчигчийг авран сумын эрүүл мэндийн төвийн их эмчид шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Иймээс жолооч та бүхэн холын замд хурдаа тохируулж, авто замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.