Энтертайнмент

Уэльсийн гүнж Диана: Би толгойгоо биш, зүрх сэтгэлээ дагадаг

Нийтэлсэн

Энэ үзэсгэлэнтэй бүсгүйг сайн сайхнаар дурссаар суудаг олон сая хүн манай гариг дээр бий. 36 насандаа хорвоог орхин одсон түүний энэ ярилцлага тэр чигээрээ Английн Хатан хааны гэр бүлийн эсрэг чиглэсэн тэсрэх бөмбөг байсан гэдэг. BBC-ийн алдартай сэтгүүлч Мартин Баширийн нэвтрүүлэгт оролцохдоо Дианагийн ярьсан ярианаас хамгийн сонирхолтой хэсгүүдийг түүвэрлэн хүргэе. Энэ ярилцлагаас эрхэм уншигч та эмэгтэй хүн, эх хүнээс ямар их сэтгэлийн хат, тэвчээр гардгийг дахин нэг удаа мэдрэх болно.

Жич: Ярилцлагыг олон жилийн дараа үзэж судлангаа дүгнэлт хийсэн мэргэжилтнүүдийн анализийг давхар хавсаргалаа.

Би толгойгоо биш, зүрх сэтгэлээ дагадаг

Таныг Хатан хааны гэр бүл яагаад ирээдүйн Английн хатан хаан байж чадахгүй гэж үздэг юм бэ?

Надад энэ асуудал чинь нэг их чухал биш. Учир нь би ирээдүйн хатан хаан байхаас өөр зүйлд анхаарлаа хандуулахыг хүсдэг. Би хуучны уламжлалт дэг журамд баригдахыг хүсдэггүй. Яагаад гэвэл би толгойгоо бус, зүрх сэтгэлээ дагаж амьдармаар байна. Хэн нэгэн хүн тэр газраас гадагш цухуйж, ард түмнийг хайрлан халамжлах ёсгүй гэж үү \Ажиглагчид тэр газар гэдгийг Букингемийн ордон буюу хатан хааны өргөөг хэлсэн гэж тайлбарлажээ\

Тэгвэл та хатагтай Камила Паркер Боулзын талаар юу хэлэх вэ. Энэ эмэгтэй таны нөхөр Чарльз та хоёрт ямар нэгэн байдлаар садаа болдог уу?

Бидний амьдрал хөл хөгжөөн ихтэй шүү дээ. Учир нь бид хоёр биш, бид гурав хоорондоо гэрлэснийг мартаж болохгүй \Энэ үгээрээ Диана нөхөр болох хунтайж Чарльз, түүний нууц амраг, сурвалжит хатагтай Камила Боулз нарын харилцааг хатуухан ёгт үгээр олон нийтэд ил гаргаж тавьсан хэмээн ажиглагчид дүгнэжээ. Яг энэ ярилцлагын дараахан Чарльз, Диана нар гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан бөгөөд үүнд хатан хаан Элизабетагийн оролцоо чухал байсан гэдэг. BBC-ийн хамгийн их үзэгчтэй оргил цагаар цацагдсан эл ярилцлагын голлох сенсаац нь Дианагийн энэ үг байсан. Тэрээр өмнө нь нөхрийнхөө нууц амрагийн явдлыг ингэж ил тодоор олон нийтэд мэдээлж байгаагүй. Зарим сэтгэл судлаачид энэ ярилцлагын бичлэгийг олон жилийн дараа үзээд Диана аль хэдийнэ Чарльзаас салахаар сэтгэл шулуудчихсан байж хэмээн дүгнэсэн\

Би эдгэшгүй хүнд өвчтэй болсон нь үнэн

Таныг ямар нэгэн хэцүү өвчтэй болчихоогүй байгаа гэж олон нийт санаа зовох болж?

Тэр үнээн. Би булимия гэдэг эдгэшгүй хүнд өвчин тусаад нэлээн хэдэн жил болж байна. Энэ өвчин туссан хүмүүс өөрийгөө хэчнээн өндрөөр үнэлж, зоригтой баймаар байвч хүссэн хүсээгүй сэтгэл санаагаар унах л болно. Энэ бол маш ховор тохиолддог өвчин. Минийх шиг өвчин туссан хүн өдөртөө таваас доошгүй удаа ходоодоо дүүртэл хоол идэж байж сая нэг цадсан мэдрэмжийг авдаг \Булимия нь хоол идсэний дараа хэдхэн минутын дотор бүгдийг нь буцаагаад бөөлжөөд гаргачихдаг нэн ховор төрлийн өвчин. Энэ өвчнөөр өвдсөн хүн эцэстээ идсэн хоолныхоо шим тэжээлтэй хэсгийг өөрийн биед шингээж чадаагүйн улмаас турж эцэж, улмаар дархлааны системийн дутагдалд орж амь насаа алддаг. Дианагийн ойр төрлийн хүмүүсийн сүүлд дурсан ярьснаар тэрээр булимия өвчинтэйгээ асар их сэтгэлийн тэнхээ шаардсан тэмцэл хийсээр нас барсан гэх. Хоолноосоо жоохон ч атугай шим тэжээл авч, дархлааны тогтолцоогоо хадгалахын тулд сая хэлсэн шиг өдөртөө тав, түүнээс ч олон дахиж хооллодог байжээ\

Ярилцлагын хамгийн их шуугиан дэгдээсэн өөр нэг зүйл нь хатан хааны ордон дах гаднаа жаргалтай, нэр төртэй мэт харагдавч дотроо ихээхэн будлиан, маапаантай амьдралын талаар дурссан үгнүүд юм. Диана Букингемийн ордон, Виндзорийн шилтгээний амьдралынхаа тухай ямар үгэн бөмбөгийг тэсэлсэн бэ:

  • Надад заримдаа тэсэхэд үнэхээр бэрх байдаг. Учир нь би Хатан хааны гэр бүлийн гишүүн болсноор өөрөө өөрийгөө танихаа байсан
  • Том хүүгээ төрүүлснийхээ дараа би сэтгэцийн гүн хямралд орсон. Надтай тэр үед хэн ч, юу ч ярьдаггүй байлаа. Би өөрөө ч хэн нэгэнтэй ярилцахыг үнэхээр хүсдэггүй байсан. Тэр үе бол миний амьдралын хамгийн хүнд цаг үе байсан юм шүү. Намайг хэн ч тоодоггүй байлаа \Яг энэ цаг үе бол хунтайж Чарльз, сурвалжит хатагтай Камилатай нэр холбогдож эхэлсэн үе нь мөн хэмээн судлаачид дүгнэжээ. Хатан хааны гэр бүлийн нэр хүндтэй нэг бус хүн Чарльзыг анхнаасаа Дианатай биш, Камила Боулзтай гэрлэх байсан гэж үздэг\
  • Би өглөөд ганцаархнаа сэрэхдээ “Хэрэггүй орондоо орж унтлаа даа” хэмээн харууссан гунигт бодолд хамгийн түрүүнд автдаг байсан гээд төсөөл дөө. Өмнө нь би хэзээ ч тэгж их сэтгэл гутралд орж, амьдрах итгэлээ алдаж байсангүй

Энэ ярилцлагын дараа 1997 оны намар нас барах үедээ Диана Египетийн тэрбумтан, сүлжээ дэлгүүрийн эзэн Мохамед Аль Файедийн өв залгамжлагч хүү Доди Аль Файедтай үерхэж байсан бөгөөд тэд гэрлэлтээ албан ёсоор батлуулахаар бэлдчихсэн байсан гэдэг.

Холливудын алдарт од Меган Марклын нөхөр, хунтайж Харри, түүний ах, Дюкийн гүнж Кэйт Мидлтоны нөхөр хунтайж Уильям нарын эх Диана Франсис Спенсер. Тэрбээр их сургууль төгссөнийхөө дараа бүжгийн багш, сурвалжит айлын гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч зэрэг ажил хийж яваад Пимлико хэмээх жижигхэн хотын бага сургуульд багшилж байх үедээ хунтайж Чарльзтай танилцжээ. Язгууртан эмэгтэйд зохимжгүй энэхүү бараан намтар түүх нь эхнээсээ хатан хаан Элизабетад таалагдаагүй гэлцдэг. Хоёр хүүгээ том болсны дараа Диана иргэний дайны хөлд нэрвэгдэж, газрын минанд өртөж, хөлгүй болсон африк хүүхдүүдэд туслах санг үүсгэн байгуулж, тэднийг хамгийн сүүлийн үеийн технологийн хиймэл хөлтэй болоход нь тусалж эхэлжээ. Зарим ажиглагчдын тайлбарладгаар Их Британийн колони явсан хар тивийн хүүхдүүдийн төлөө өөрсдийнх нь мөнгөнөөс хэт ихийг үрж эхэлсэн явдал хааны удмынханд бас л таалагдаагүй гэх.

Гэвч хорвоод 36-хан насалсан түүнийг дэлхий дахин Хатан хаан Элизабетагаас ч илүү хайрлан дурсдаг билээ. Олон сая британи хүмүүс Дианаг хэзээ нэгэн цагт Их Британийн хаан ширээнд суух ёстой байсан гэж өнөөдрийг болтол үздэг хэвээр.

Эх сурвалж: Cheatsheet.com,  Express.co.uk, Facebook

Гэрэл зургийг: Harpers Bazaar сэтгүүлээс

Exit mobile version