Эдийн засаг

Дэлхийн банк хөгжиж буй орнуудыг дэмжих зорилгоор $12 тэрбумын санхүүжилт олгоно

Нийтэлсэн

Шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалтаас үүдэлтэй эрүүл мэндийн салбарын болон эдийн засгийн асуудлыг шийдэхэд хөгжиж буй орнуудад цаг алдалгүй туслах зорилгоор 12 тэрбум ам.доллар олгохоо Дэлхийн банк зарлалаа.

Энэхүү санхүүжилт нь эрүүл мэндийн системээ бэхжүүлэх, тахлаас үүдэлтэй эдийн засгийн нөлөөг бууруулах чиглэлээр хувийн хэвшилтэй хамтран ажиллахад чиглэж байгааг мэдэгдэлдээ онцолсон байна. Хөгжиж буй орнуудын гаргасан хүсэлтийг хянаж үзсэний үндсэн дээр санхүүжилт олгоно гэж Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Малпасс мэдэгдсэн юм. Харин ямар орнууд туслалцаа хүсэж байгаа талаар мэдээлээгүй байна. Санхүүжилтийг харвал, шинээр олгох санхүүжилт найман тэрбум ам.доллар бол өмнө нь шийдэгдсэн санхүүжилтүүдийн зориулалтыг өөрчлөх байдлаар дөрвөн тэрбум ам.доллар гаргахаар төлөвлөжээ.

Дэлхийн банк эхний ээлжид ийм арга хэмжээ авч байгаа бөгөөд илүү их санхүүжилт шаардагдахаар нөхцөл байдал үүсэж магадгүй учраас тухайн үед нь шийдвэр гаргаад явахаар байгааг Дэвид Малпасс онцолсон байна.

Э.Анхбаяр
Эх сурвалж: Bloomberg.mn

Exit mobile version