Улс төр
Д.Тогтохсүрэн: Зээлийн хүү, түрээсийн төлбөртэй холбоотой асуудлыг байнгын хороогоор хэлэлцэнэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ долоо хоногт хуралдахаар болжээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “Коронавирусийн халдварын улмаас манай эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ярилцахаар болсон. Зээлийн хүү, түрээсийн төлбөр болон эдийн засагт хүндрэл учруулж байгаа олон асуудал байна. Байнгын хороог энэ Баасан гарагт хуралдуулахаар ярилцаж байна” гэлээ.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Улсын онцгой комиссоос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргасан билээ. Үүнтэй уялдуулан Засгийн газраас эдийн засгийг дэмжих бодлогын хүрээнд авах арга хэмжээний тухай тогтоол батлаад буй.
Уг тогтоолын дагуу өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй бол алданги, торгууль тооцохгүй байх, мөн хугацаанд түрээсийн төлбөрөө буулгасан түрээслүүлэгчдийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний авлагатай бол түүнийг улсын болон орон нутгийн татварын өртэй нийцүүлэн суутгах зэрэг арга хэмжээ авах болсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн билээ.