Дэлхий
Дмитрий Львов: Амны хаалтад хэт найдаж болохгүй
БНХАУ-аас эхлээд БНСУ, Иран, Италид хүртэл шинэ коронавирус голомтлон дэгдэж, өдөр ирэх тусам улам олон хүн энэ халдвараар өвчилж байгаа бөгөөд олон нийтийг хамарсан том арга хэмжээ цуцлагдаж, хил хаагдаж, нислэгийг хорьж, олон улсын эдийн засаг удааширч буй. Энэ хэрээр энгийн ард иргэд халдвар авахаас айн, шаардлагагүйгээр дэлгүүр хоосолж, амны хаалтны төлөө уралдаж байна.
Харин мэргэжилтнүүдийн зүгээс Covid-19 бол хүн төрөлхтөнд багахан хохирол үзүүлээд алга болсон олон өвчнүүдийн л нэг хэмээх байр суурьтай байгаа аж. Зөвлөлтийн үеэс эхлэн хамгийн аюултай олон вирус судалсаар ирсэн нэрт вирус судлаач Дмитрий Львов ийнхүү тайлбарлаж байна.
COVID-19 БУСАД ВИРУСЭЭС НОЦТОЙ АЮУЛТАЙ ЮУ?
Энэ вирус аль хэдийн 3200 гаруй хүний аминд хүрээд байна. Мөн энэ вирус амьсгалын системд маш түргэн нөлөөлж байгаа учир тэмцэхэд харьцангуй бэрх байна. “Ерөнхийдөө цус, цусны плазма болон бусад элементэд тус вирус нөлөөлснөөр уушги хавантаж, хүн амьсгалж чадахаа больсноор нас барж байна.”
Дэлхий даяар 93 мянга гаруй хүн халдвар авчээ. Өмнө нь Испанийн ханиад таван сая хүнд халдаж ижил хугацаанд одоогийнхоос хамаагүй олон хүний аминд хүрч байсан шүү дээ.
ХӨЛ ХОРИО ТОГТООХ НЬ ҮР ДҮНТЭЙ Ч БҮХ НИЙТЭЭР АМНЫ ХААЛТ ЗҮҮХ НЬ ЗӨВ ҮҮ?
Вирусийн эсрэг вакцин хараахан бэлэн болоогүй байгаа энэ үед хөл хорио тогтоох нь улс орнуудын хэрэгжүүлж буй гол арга болж байна. Хятад л гэхэд том хотуудаа бүхлээр нь хорьж, бусад орнууд өвчний голомтоос ирсэн иргэдээ тусгаарлах болсон.
“Шинэ коронавирусийн хувьд бол хөл хорих нь үр дүн сайтай байна. Харин маск гэж нэрлээд буй хямд бүтээгдэхүүнүүд ямар ч хэрэггүй. Яах вэ, өвчний голомтод эмч, ажилтнуудын хэрэглэж буй амны хаалт бол шал өөр зүйл. Харин олон нийтийн зүүгээд байгаа амны хаалт нь вирусийг өөрөөсөө гадагш тараахгүй зорилготой болохоос биш сэргийлэх ач холбогдолгүй. Бусад эрдэмтдээс ч маск сайн сэргийлдэг үү хэмээн асууж үзвэл ихэнх нь үгүй л гэнэ. Зарим нь маш бага хэмээн хариулах байх.”
“Энэ вирус нүдний салстаар ч дамжих өндөр чадвартай. Би та бүхнийг маск битгий зүү гэж хэлэх гээгүй. Маскаа зүү. Гэхдээ масканд 100 хувь найдаж болохгүй.”
ШИНЭ КОРОНАВИРУСТЭЙ ХЭРХЭН ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Тодорхой хэлэхэд хэцүү ч бүх улс орон Хятад шиг ажиллаж чадвал энэ бүхэн амархан дуусна. Хятад эрдэмтэд вирусийг маш хурдан хорьж, судлан генийн дарааллыг нь гаргаж авсан. “Бээжин шинэ вирустэй маш түргэн шуурхай тэмцсэн. Бид бүгд Хятадын эрүүл мэндийн системийг магтах хэрэгтэй.”
Өнөөгийн байдлаар Covid-19 тархалт удааширч байна. Үүнээс үзвэл энэ жилдээ хүн төрөлхтөн уг вирусээс ангижрах боломжтой хэмээн Львов үзэж байна. Гэхдээ энэ вирус сарьсан багваахайд байж л байх болно. Тиймээс магадгүй арван жилийн дараа, эсвэл хорин жилийн дараа дахин гарч ирэхийг үгүйсгэхгүй.
Эх сурвалж: rt.com