Дэлхий
Улсаа дампууруулсан Ерөнхийлөгч Мадуро: ‘Жирэмсэн бол-Хүүхдийг хойно хойноос нь төрүүлээд бай’
Хэдийгээр ард түмнийх нь тал нь энэ хүнийг албан ёсны Ерөнхийлөгч гэж үзэхээ больсон ч тэрээр хэдхэн хоногийн өмнө телевизийн дэлгэцээр олны өмнө дахин гарч иржээ. Ингэхдээ Николас Мадуро венесуэль эмэгтэйчүүдэд хандан зургаагаас доошгүй хүүхэд төрүүлэхийг уриалсан байна. “Жирэмсэн бол, бас дахин жирэмсэн бол. Тэгээд хүүхдийг хойно хойноос нь төрүүлээд байх хэрэгтэй” хэмээн хэлсэн түүний энэ уриалгыг тус улсын хоёр дах Ерөнхийлөгч Хуан Гайдо харин “Эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихээд утгагүй балай юм яаж ярьж чадаж байна аа” хэмээн шүүмжилжээ.
“Эмнэлгүүд эм, тариа байхгүйн улмаас хэвийн ажиллаж чадахгүй, нярай хүүхдүүдэд хийх ёстой товлолт вакцинуудын сураг тасраад удаж байхад Мадуро яаж ингэж ярьж чадаж байгааг би ойлгохгүй байна” гэж Гайдо твиттер хуудсандаа жиргэж. Харин Мадуро “Венесуэль эх хүн дор хаяж зургаагаас доошгүй хүүхэдтэй болж чадах юм бол амьдрал нь аяндаа сайхан болж, цэцэглэж эхэлнэ. Учир нь хүүхэд гэдэг айл гэрийн амьжиргааг авч явдаг гол хөшүүрэг” гэхчлэн төв телевизийн шууд эфирээр ярьсан аж.
Өнөөдрийн байдлаар сүүлийн долоон жилийн турш Мадуро дангаараа засагласан Латин Америкийн Венесуэль орон эдийн засгийн хувьд бүрэн дампуурч, хүн ам нь хүнс тэжээл, бэлэн мөнгөний дутагдалд ороод байгаа юм. Тиймээс америкчуудын дэмжлэгийг авсан сөрөг хүчний лидер Хуан Гайдо өөрийгөө Ерөнхийлөгч хэмээн зарласан ч нөгөө талд Мадуро “Би хууль ёсны Ерөнхийлөгч” хэмээн суудлаа тавьж өгөлгүй гүрийсээр байгаа билээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн 2013-2018 онд хийсэн судалгаагаар венесуэль хүүхдүүдийн 13 хувь нь хоол тэжээлийн дутагдалд орсныг тогтоожээ.
Улс орных нь нөхцөл байдал ийм байхад венесуэль эхчүүдийг “Зургаан хүүхэд төрүүл. Тэгвэл амьдрал чинь сайжирна” гэж зурагтын нэвтрүүлгээр амаа мэдэхгүй бурсан Николас Мадурог “Бүр цагаандаа гарчихаж. Цайрчихаж. Буруу зөнөглөсөн өвгөн” гэх зэргээр сошиал орчинд бичицгээжээ.
Эх сурвалж: BBC, Twitter