Зөвлөгөө

П.Болортуяа: Хүүхэд хуруугаа хөхөж, хумсаа мэрвэл сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй

Нийтэлсэн

Хумсаа мэрэх, хуруугаа хөхөх, бусдыг хазах, ямар нэгэн зүйлд донтох, орондоо шээх, бие даах чадвар сул, хүйс сольж хувцаслах мөн тоглох,  ижил хүйсийн хүнээ сонирхох, татагдах гэх мэт эмгэг шинж тэмдэг нь хүүхэд 0-5 нас хүртлээ хэрхэн өсөж, хүмүүжсэнээс ихэвчлэн шалтгаалдаг байна.

Энэ талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Зөвлөх поликлиник, Сэтгэцийн эмгэг судлал, Сэтгэл засал судлалын их эмч П.Болортуяагийн зөвлөгөөг хүргэж байна.

Цэцэрлэгийн хүүхэд хумсаа мэрэх, хуруугаа хөхөх, бусдыг хазаад байх нь хэвийн үзэгдэл үү?

0-5 хүртэлх насны хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийг үе шатаар нь 0-18 сар, 18 сараас 3 нас, 3-5 нас гэж гурав ангилан авч үздэг.

0-18 сартай хүүхдийг эхийн сүүгээр бойжуулах нь маш чухал юм. Учир нь эхийн сүүгээр бойжсон хүүхэд сэтгэл зүйн хувьд гурван мэдрэмжийг авч байдаг. Мээмээ идсэн хүүхэд нэгдүгээрт мээмээ идэх дур нь хангагдана, хоёрдугаарт тайвширна, гуравдугаарт унтана.

Үүнийг амны гурвал шинж гэх бөгөөд хэрвээ энэ мэдрэмжээ авч чадахгүй бол амны будлиан буюу стресст ордог. Хуруугаа хөхөх, хумсаа мэрэх, бусдыг хазах нь мээмээ идэхтэй адил үйлдэл бөгөөд ямар нэг шалтгааны улмаас төрөөд хөхөө амлаагүй, угжаар өссөн, ой 6 сар хүртэл нь хөхүүлээгүйгээс үүдэн гардаг сэтгэл зүйн гэмтэл юм.

Хүүхдийг хэдэн нас хүртэл нь хөхүүлэх хэрэгтэй вэ?

Хүүхдийг 1 нас 6 сар хүртэл хөхөөр үргэлжлүүлэн хооллож байх нь сэтгэл зүйн дархлаатай болж буй хэрэг юм.

Эхийн сүүгээр бойжих нь сэтгэл зүйн хувьд ямар давуу талтай вэ?

Өөртөө итгэлтэй, бусдад итгэх итгэлтэй, хүний итгэл даах чадвартай хүн болон төлөвшдөг. Харин эхийн сүүгээр бойжоогүй, эцэг, эх, асран хамгаалагчийн анхаарал, халамж муу, хэрүүл маргаан, айдас түгшилттэй орчинд амьдрах зэрэг нь хүүхдийн өөртөө итгэлгүй байдал, хүний итгэл даах чадваргүй, хүнд итгэхгүй байх хандлагыг бий болгоход нөлөөлдөг гэж үздэг.

Хүүхэд өөрөө бие даан хувцсаа өмсөхгүй, бие засахаа илэрхийлэхгүй байвал яах вэ?

Хүүхэд 18 сараас 3 насны хооронд шээх, хүндээр бие засах мэдрэмжээ олж авч, өөрийгөө илэрхийлж сурдаг.

Өөрийгөө илэрхийлэх гэдэг нь уух идэх, бие засах, унтах, хувцсаа өмсөх, эвхэх оролдлогыг хэлнэ. Гэтэл бие засахаа илэрхийлэхгүй, хувцсаа өөрөө өмсөх гэж оролдохгүй байх нь аав, ээжүүдийн буруу хүмүүжил болно.

Хүүхдийн өмнөөс шийдвэр гаргаж, өөрөөр нь сонголт хийлгэхгүйгээр бүх зүйлийг нь хийж өгөөд байвал насанд хүрээд өөрийгөө энэ ажлыг хийж чадна гэсэн зориггүй, өөртөө эргэлздэг, хэн нэгэн хүн өмнөөс нь бүх юмыг нь хийж, асуудлыг нь шийдэж өгөхийг хүлээдэг болох буюу бие даан шийдвэр гаргах чадваргүй болно.

Тиймээс энэ үед нь өмдөндөө шээж, баахгүй байгааг нь, эсвэл биеэ даан хувцсаа эвхэх, өмсөх гэж оролдож буйг нь сайшаан дэмжиж байх нь зөв.

Хүүхэд орондоо шээх эмгэгийн шалтгаан нь юу байдаг вэ?

Хүүхэд орондоо шээх эмгэг нь янз бүрийн шалтгаантай байдаг.

Тухайлбал, өв тэгш бус хүмүүжил буюу хойд аав, хойд ээж, хамаатны ах, эгч гэх мэт төрсөн эцэг, эхээс бусад хүний гар дээр өсөж, хүмүүжих нь хүүхдийг дотогшоо, түгжигдмэл, ганцаардмал, гутранги үзэлтэй болгодог.

Мөн хэрүүл маргаантай, хүчирхийлэлтэй, архины хамааралтай гэр бүлийн орчинд өсөж хүмүүжих нь хүүхдийг айдас түгшилттэй болгож хар бага насны таагүй дурсамжийг бий болгодог.

Энэ нь хүүхэд орондоо шээх, баах эмгэгтэй болоход,  нөлөөлөх нэг  хүчин зүйл болдог.

Хүүхдийг орондоо шээхэд нь буруутгаж, шийтгэвэл ямар үр дагаварт хүрч болох вэ?

Өмдөндөө болон орондоо шээж баасан үед нь загнаж, шийтгэх нь хүүхдийг улам дотогшоо, нуугдмал, өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжээ дотроо нуух хандлагатай болгодог ба сэтгэл хөдлөл мэдрэмжээ ил  гаргасан үедээ уурлаж бухимдах, хахир хатуу, ширүүн зан гаргах байдлаар илэрхийлэх нь их байдаг.

Улмаар том болоод худлаа ярих, хулгай хийх, гадуур дэмий тэнэх гэх мэт төрх үйлийн эмгэгт хүргэж болдог.

Хэдээс дээш насанд шөнө орондоо шээгээд байвал эмгэг гэж үзэх вэ?

Таны хүүхэд 3-аас дээш насанд орондоо болон өмдөндөө шээж, бааж байвал эмгэг гэж үзэх бөгөөд эмчид хандах хэрэгтэй.

Хүүхэд хэдэн настайдаа өөрийгөө эрэгтэй, эмэгтэй гэдгээ мэдэрч эхэлдэг вэ?   

Хүүхэд 3-5 насандаа өөрийгөө хүйсийн хувьд танин мэдэж эхэлдэг.

Хөвгүүд шодойтой төрсөндөө өөрөөрөө бахархаж, өөрийгөө аавтайгаа адилтгаж, аавыгаа даган дуурайдаг. Харин охид өөрийгөө эмэгтэй гэдгээ мэдэрч эхэлдэг бөгөөд ээжийнхээ үйл хөдлөлийг дуурайж, ээжийнхээ нүүрний будгаар будах, даашинз өмсөх сонирхолтой болдог.

Чухам энэ үеэс охид, хөвгүүдийн тоглох тоглоом, өмсөх хувцас өөрчлөгдөж, өөрийгөө хүйсийн хувьд эр, эм гэдгээ мэдэрч таньдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ үеэс бэлгийн чиг баримжаа нь бий болж төлөвшинө.

Exit mobile version