Зөвлөгөө

Кофенд дуртай шувууд хурдан өсч үржих болжээ

Нийтэлсэн

Америкчууд өдөрт 400 сая аяга кофе уудаг бол дэхийн кофечид бид бүгдээрээ нийлээд өдөрт 2 тэрбум 250 сая аяга кофег ходоод руугаа хийдэг байна. Эрдэмтэд ч кофег тохируулж уух нь эрүүл мэндэд тустай болохыг аль хэдийнэ баталсан. Гэвч хүмүүс бид энэ хорвоо ертөнц дээрх кофенд дуртай цорын ганц амьтан биш бололтой. АНУ-ын Ютагийн их сургуулийн эрдэмтэд кофенд дуртай шувуудыг олж илрүүлжээ.

Төв Америкт Коста Рика гэж мөнх ногоон экваторын ой моддоор бүрхэгдсэн үзэсгэлэнтэй сайхан нутаг бүхий нэгэн жижгэвтэр улс бий. Ютагийн их сургуулийн судлаачид Коста Рикагийн ойд 12 жилийн турш тасралтгүй ажиглалт, судалгаа хийсний эцэст эндхийн шувууд кофенд дуртай болохыг олж илрүүлжээ.

Эрдэмтэд 12 жилийн хугацаанд 265 төрөл зүйлийн 57 мянга 255 шувууг анхааралтай судалсны эцэст дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Учир нь энэ хугацаанд эдгээр шувуудын тоо толгой огцом өссөн гэнэ. Яагаад шувуудын тоо толгой ингэж хурдтай өсч үржиж, олширч байгаа шалтгааныг Ютагийн их сургуулийн судлаачид эхэндээ гайхаж байсан ч уйгагүй судалгаа шинжилгээний эцэст Коста Рикагийн ойд ургадаг кофены мод, ургамлууд үүнд нөлөөлж байгаа болохыг тогтоосон аж.

265 төрөл зүйлийн 57 мянга гаруй шувуудын амьдран буй ойг Коста Рикагийн өөр нутаг орны кофе огт ургадаггүй ойтой харьцуулан судлахад кофе ургадаггүй ойд амьдардаг шувуудын тоо толгой энэ хугацаанд тэгж огцом хурдтай өссөнгүй. Тиймээс нарийн учир шалтгааныг нь одоогоор олж чадаагүй байгаа хэдий ч кофены мод, ургамлууд шувуудын биологийн идэвхтэй амьдралд ямар нэгэн нууцлаг нөлөөллийг үзүүлдэг нь ойлгомжтой байна гэж үзэж болох юм.

Эх сурвалж: National Geographic Channel

Exit mobile version