Яам

ЦЕГ: Тусгаарлалтад байгаа иргэд жагсан, согтууруулах ундаа уусан зөрчил гаргасан

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны хоёрдугаар сарын 3-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 4-нд нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Мөн нэмж нийт 14 хүнийг ажиглалтад авсан.

Бид сэжигтэй тохиолдлыг шинжилж, ажиглалтад авахаас гадна уушгины хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа насанд хүрэгчдээс санамсаргүй түүврээр 60 хүнийг сонгон авч, шинэ коронавирусийн халдвар байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ хийхэд COVID-19 халдвар илрээгүй. Энэ бол баталгаажуулах тандалт судалгаа юм” гэв.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Улсын онцгой комисс шийдвэрлэн эрүүл мэндийн байгууллага судалгаа дүгнэлтээ гаргаад шаардлагатай гэж үзэн тусгаарласан иргэд зөрчил гаргаж байна. Тухайлбал, Багабаян амралтад байгаа Хөвсгөл аймгийн харьяат иргэн Б гэгч эмэгтэй өөрөө сувилагч байж бусдыг эндээс гарья гэж турхирч жагсаал маягийн юм хийх гэсэн. Мөн Улсын хоёрдугаар эмнэлэгт тусгаарлалтад байгаа нэг иргэн ачаа тээшиндээ авчирсан согтууруулах ундааны зүйлээ өөрөө уусан, бусдад саванд хийж тараах гэж оролдсон, зарим нэг өрөө тасалгааны хаалга үүдийг татсан зөрчил гаргасан. ХӨСҮТ дээр хязгаарлалтад байгаа иргэдээс гарья гэж дураараа авирласан зүйл гарсан. Нэг нөхөр онгоцноос буугаад Налайх руу зугтаасан зөрчил гарсан. Зарим нэг нь тусгаарлахад өөр газар тусгаарла гэж хандлага гаргасан. Энэ бол хэдийгээр өөрийгөө бодож байгаа зан ч цаанаа ямар хор хөнөөл, аюултай вэ гэдгийг иргэд ухамсарлах хэрэгтэй.

Монгол Улс хэдийгээр олон талын эрх чөлөөтэй боловч, хүний амь нас эрүүл мэнд бол хамгийн чухал. Энд бусдын эрх чөлөө гэж ярихаас гадна хүний амь нас, эрүүл мэндийг хүндэтгэж, өөрийнхөө эрүүл мэнд, амь насыг хамгаалж, УОК-оос тавьж байгаа шаардлагыг ёсчлон биелүүлэх нь иргэн бүрийн үүрэг. Хатуу хэлье, энэ үүргээ биелүүлээгүй хэнтэй ч гэсэн хариуцлага тооцно.

Дэглэмийн хязгаарлалтын хугацаа дуусан шинжилгээний хариу гарсны дараа эдгээр иргэдтэй хариуцлага тооцно” гэв.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай Улсад ДЭМБ-ын зөвлөх баг ажиллаж байгаа. Зөвлөх баг COVID-19 халдварын тохиолдлын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгээс шалтгаалах халдварын сэргийлэлт, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний чиглэлээр ажиллаж байгаа.

ДЭМБ-ын мэдээгээр дэлхийн 79 улсад COVID-19-ын халдварын нийт 95424 тохиолдол бүртгэгдэж 3283 нас барсан байна.

Өвчлөл БНСУ, Япон, Итали, Иран, Герман, Испани, Францад нэлээд голомтлон тархаж байна. Мөн Унгар, Польш, Словенид анхны тохиолдлууд бүртгэгдсэн.

ДЭМБ-аас энэхүү халдварыг маш өндөр эрсдэлтэй гэж мэдээлсэн хэвээр байна.

БНСУ-д 438 шинэ халдвар бүртгэгдсэн. Үүнээс Тэгү хотод320 тохиолдол нь бүртгэгдсэн. Халдвар нэмэгдсэн нэг шалтгаан бол салса бүжгийн дугуйлан суралцдаг хүмүүс өвдсөн.

Японы Осака хотод театрын тоглолтод оролцсон, үзсэн гээд нийт 15 хүнд коронавируситйн халдвараар өвчилсөн байна. Тиймээс олон нийтийг хамарсан үзвэр, үйлчилгээ, арга хэмжээнд оролцох нь өвчлөлийг нэмэгдүүлж байна.

АНУ, Австралид асрамжийн газрын хүмүүс 60-80 насны хүмүүс голомтлон өвчилсөн байна.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос хэлэхдээ энэ өвчин бол улирлын томуу биш юм. Энэ өвчлөл томуугаас хэд дахин хүчтэй тархаж нас баралт нь өндөр байна. Одоогоор дэлхий дахинд COVID-19-ын дархлаатай хүн нэг ч байхгүй. Тиймээс хүн бүр улс орон бүр тайвширч болохгүй. Хариу арга хэмжээ, бэлэн байдлаа хангаж урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ улам эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг онцолжээ

Exit mobile version