Боловсрол

Ё.Баатарбилэг: Элсэлтийн ерөнхий шалгалтыг төлөвлөсөн хугацаандаа авна

Нийтэлсэн

Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ оны зургаадугаар сарын 8-11-нд авахаар төлөвлөсөн. Энэ хугацааг өөрчлөхгүй хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр хэллээ.

Ингэхдээ шалгалтыг зөвхөн заавал үзэх судлагдахуунаар авах юм. Өмнөх жилүүдэд заавал үзэх судлагдахуун болон сонгох судлах агуулгыг хамтатган авдаг байсан бол энэ жил сурагчид урт хугацаанд багшаасаа хол байж, зөвлөгөө тусламж авах боломж нь хомс байгаа тул ийнхүү шийдвэрлэсэн байна.

Мөн элсэлтийн ерөнхий шалгалтаас өмнө Монгол хэлний эхний шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд авна. Хэрэв Монгол хэлний шалгалтдаа босго 400 оноогоо авч чадаагүй бол тавдугаар сарын 16-нд дахин шалгалтад орох ёстой юм.

Хоёр шалгалтад босго оноогоо аваагүй бол Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхгүй болно.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хоёрдугаар сарын 19-ний өдөр мэдээлэл хийх үеэрээ “Элсэлтийн ерөнхий шалгалтыг VI сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их, дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна” хэмээж байсан юм.

ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 10-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Exit mobile version