Эдийн засаг

“Эрдэнэс таван толгой” ХХК-ийн хувьцаатай холбоотой зөвлөмж

Нийтэлсэн

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр компанийн 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараах болсонтой холбогдуулан Монголын хөрөнгийн биржид хандаж, ногдол ашиг авах, үнэт цаасны данс нээлгэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг арилжаалах боломжтой эсэх асуудлаар тайлбар, мэдээлэл хүсч байгаа иргэдийн тоо ихээхэн нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд:

  • Ногдол ашиг гэж юу вэ?

Ногдол ашиг гэдэг нь компани тайлант хугацаанд олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ тараахыг хэлнэ. Компани ашгаа тараахын оронд шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, үйлдвэрлэлээ өргөтгөх зэргээр дотооддоо ашиглаж болох тул компани жил бүр ногдол ашиг тараахгүй байж болно.

  • Ногдол ашиг авснаар хувьцааны тоо хэмжээнд өөрчлөлт орох уу?

Ногдол ашиг авснаар хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааны тоо хэмжээнд өөрчлөлт орохгүй. Зүйрлэж хэлбэл, хүн өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөө бусдад түрээслүүлснээр түрээсийн орлоготой болох бөгөөд энэ нь тухайн үл хөдлөх хөрөнгөө худалдаж байгаа зүйл биш юм.

  • Ногдол ашгаа хэрхэн авах вэ?

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр компанийн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус компанийн зүгээс ногдол ашгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ХХК-д байрлах иргэдийн үнэт цаасны дансаар дамжуулан тараах тухай мэдэгдсэн.

  • Үнэт цаасны данс хэрхэн нээлгэх вэ?

Хэрэв иргэн үнэт цаасны данс нээлгэхийг хүсвэл юуны түрүүнд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн цахим хуудас эсвэл 158989 дугаарт регистерийн дугаараа латин үсгээр бичиж илгээснээр өмнө нь үнэт цаасны данс нээлгэж байсан эсэхээ шалгаж болно. Үнэт цаасны данстай бол дахин нээлгэх шаардлагагүй.

Хувьцаа эзэмшигч үнэт цаасны дансаа нээлгээгүй байсан ч ногдол ашгийн мөнгөн хөрөнгө “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дээр хадгалагдах бөгөөд ногдол ашгийг хуваарилах ажиллагаа нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх тул шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс мөн Монгол Улсын Засгийн газраас хуулийн этгээдүүдийг “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т хэсэгчлэн шилжүүлсэн байгаа энэ үед өөртөө болон бусдад эрсдэл үүсгэхгүй, хэт яаравчлахгүй байдлаар үнэт цаасны дансаа нээлгэх ажлаа зохион байгуулахыг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвлөсөн. /СЗХ-ны мэдэгдлийг эндээс үзнэ үү./

Үнэт цаасны дансыг 2018 оноос эхлэн цахимаар нээх боломжтой болсон тул иргэд заавал үнэт цаасны компани дээр биеэр очихгүйгээр дансаа нээлгэж болно. Уг дансыг хөрөнгийн биржид бүртгэлтэй аливаа компанийн хувьцааны арилжаанд оролцох, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржид бүртгэгдсэний дараа арилжаалах үед ашиглана. Үнэт цаасны данс нээлгэх компанийг сонгохдоо тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх, үйлчилгээний чанар, хүртээмж, үнэ өртөг зэргийг харгалзан үзэж шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар дараах үнэт цаасны компаниуд цахимаар данс нээх үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

“Апекс Капитал ҮЦК” ХХК – https://dbx.apex.mn/
“Ард Капитал ҮЦК” ХХК – http://dbx.ardcapital.mn
“Ард Секюритиз ҮЦК” ХХК – http://ardsecurities.com/
“БиДиСЕК ҮЦК” ХК – https://reg.bdsec.mn/
“Бумбат Алтай ҮЦК” ХХК – http://dbx.bumbat.mn/
“Гаүли ҮЦК” ХХК – http://www.gauli.mn/
“Голомт Капитал ҮЦК” – SocialPay
“Гүүдсек ҮЦК” ХХК –  https://goodsec.mn/online
“Масдак ҮЦК” ХХК – http://masdaq.msem.mn/login
“Өндөрхаан ҮЦК” ХХК – https://undurkhaan.msem.mn/
“ТиДиБи Капитал ҮЦК” ХХК – https://www.tdbcapital.mn/page/open-brokerage-account
“Стандарт Инвесмент ҮЦК” ХХК – https://dbx.standardinvestment.mn/
“Тэнгэр Капитал ҮЦК” ХХК – https://xacex.tengercapital.mn/

Нийт гишүүн брокерийн компаниудын хаяг байршлийн мэдээллийг Энд дарж үзнэ үү.

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаагаа худалдах боломжтой юу?

Одоогоор боломжгүй юм. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 350 дугаар тогтоолын дагуу, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг түүний хоёрдогч зах зээлийн арилжаа нээгдэх хүртэл бусдад худалдах, шилжүүлэхгүй байхаар заасан байдаг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн биржид арилжаалагдаж эхлэх хүртэл бусдад шилжүүлэх, худалдах боломжгүй бөгөөд хөрөнгийн биржээр хувьцаа нь арилжаалж эхлэхийн тулд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нээлттэй хувьцаат компани хэлбэрээр Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн байх, Санхүүгийн зохицуулах хорооноос хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг өгсөн байх шаардлагатай юм.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь хаалттай хувьцаат компани буюу Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа тул иргэд өөрийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг бусдад худалдах, шилжүүлэх боломжгүй байна.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

Exit mobile version