Дэлхий

Италид коронавирусийн халдвараар 148 хүн нас барав

Нийтэлсэн

Коронавирусийн халдвар буюу “Covid-19” өвчнөөр Пүрэв гаригийн өглөөний байдлаар олон улсад 98088 хүн халдварлаж, 3356 хүн нас барж, 54244 хүн эдгэрсэн байна. Европын халдварын голомт болсон Италид Пүрэв гаригт  коронавирусийн халдвараар нас барагсдын тоо 41-ээр нэмэгдэж, нийт 148 болжээ. Италийн Засгийн газраас гуравдугаар сарын 15-ныг хүртэл бүх сургууль, цэцэрлэг, кино театрыг хааж, хүмүүсийг олноороо цугларахыг  хориглосон байна. Тус улсад халдвар авсан 3858 хүн бүртгэгджээ.

Өмнөд Солонгост өчигдөр шинээр халдварын 518 тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 6284 болов. Тус улсад 40 хүн халдвараар нас барсны олонх нь 60-аас дээш өндөр настнууд байна.

Үүний зэрэгцээ Япон улсад Пүрэв гаригт халдварын тоо 33-аар нэмэгдсэнээр хоногт хамгийн олон тохиолдол илэрсэн өдөр болов. Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр тус улсад халдварын 1023 тохиолдол бүртгэгдсэний 706 нь Ёкохама боомтод тусгаарлагдсан “Diamond Princess” хөлгийн зорчигчид аж.

АНУ-ын Засгийн газраас коронавирусийг илрүүлэх оношлуур хүрэлцээгүй байгааг мэдээлжээ. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн мэдээлснээр энэ долоо хоногт нэг сая ширхэг оношлуур нийлүүлэх зорилгодоо хүрч чадаагүй аж. АНУ-д халдвараар 12 хүн нас барсан нь нэгээс бусад нь баруун хойд хэсгийн Вашингтон муж улсад байна.

Франц улсад халдвараар өчигдөр гурван хүн нас барснаар нийт хохирогчдын тоо долоо болов. Тус улсад халдвар авсан нийт 423 хүн байна.

Эх сурвалж: CNN, BBC, Yonhap, world meters

Exit mobile version