Бидэнтэй нэгд

Улс төр

Эрүүл мэндийн сайд,НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл мэндчилгээ дэвшүүлэв

Нийтэлсэн

Монгол Улсынхаа хүн амын талаас илүү хувийг эзлэн эх орон, өрх гэрийнхээ тэгш сайхан амьдралын эзэгтэй болсон эмэгтэйчүүд Та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Улс орныхоо тулах баганын нэг нь болсон эхчүүд, эмэгтэйчүүдээ төр засаг бодлого чиглэлийнхээ төвд байлгаж тулгамдсан асуудлыг шат дараатай шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллаж буй билээ.
Тухайлбал, засгийн газраас “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа 200 мянган ээжид сар бүр тэтгэмж олгож байна. Мөн төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилээ эмэгтэйчүүд нэмэгдүүлдэг боллоо.
Засгийн газрын тогтвортой дэмжлэг, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн хүчин зүтгэлийн үр дүнд бага насны хүүхдийн эндэгдэл 1990 оноос хойшхи бүхий л хугацаанд хамгийн өндөр түвшинд буурлаа. Эхийн эндэгдэл ч буурсан амжилттай байна.
Энэ дашрамд эрүүл мэндийн салбарын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдгийг тэмдэглэн хэлье.
Эмэгтэйчүүд та бидэнд цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажил их бий. Ээжүүд эрүүл саруул ирээдүйн төлөө дуу хоолой, бодлого зорилгоо нэгтгэн хүчирхийллийг үл тэвчих хандлага бүрэлдсэн нийгмийг бий болгох захиалга, үүрэг даалгаврыг та бидэнд олон нийт өгсөн гэдгийг онцлон тэмдэглэе.

 

Энэ удаагийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр дэлхий нийтийн өмнө шинэ өвчин, шинэ вирус нүүрлэсэн үетэй давхцаж байна.
Энэ цаг үед манай эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэд, хайртай бүхнээ хамгаалахын төлөө хичээн зүтгэж байна. Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны гишүүд, дэмжигчид эрүүл мэндийн салбараа дэмжин эмч, мэргэжилтнүүддээ зориулан гуравхан хоногийн дотор 30 мянган амны хаалт үйлдвэрлэж, юуг ч хийж бүтээх нийгмийн том хүч гэдгээ харуулсныг энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

 

Улс Монголынхоо гэрэл, гэгээ болсон эрхэмсэг ээжүүд, охид, эмэгтэйчүүд та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр инээд хөөр, баяр баясгалан, сайн сайхныг хүсэхийн зэрэгцээ ам цагаан хулгана жилдээ аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл