Дэлхий

Афганистаны дайн бол Трампын дахин сонгогдох түлхүүр

Нийтэлсэн

Тэртээ 19 жилийн өмнө 2001 оны есдүгээр сарын 11-нд алан хядагчид дэлхийн худалдааны төв болон Пентагон руу дайрч 2977 хүний амийг хөнөөж, 6000 хүнийг гэмтээсэн аймшигт хэрэг гарч байсан билээ. Ажиллагаанд Аль-Кайда болон удирдагч Осама Бин Ладенг буруутгаж, Талибан, Афганистаны Засгийн газрыг тэднийг хаацайлсан хэмээн сэжиглэж байв. Түүнээс хойш сар хүрэхгүй хугацааны дараа буюу 2001 оны аравдугаар сард АНУ цэргүүдээ Афганистан руу илгээн дайн эхэлсэн юм. Удалгүй Талибаныг 2001 оны арванхоёрдугаар сард дарж, өшөөг авсны дараа тухайн үеийн Ерөнхийлөгч асан Жорж Буш цэргүүдэд өгсөн даалгавраа өшөө авалтаас сэргээн босголт болгон өөрчилсөнд Америк цэргүүд хэзээ гэртээ харих нь тодорхойгүй хэвээр үлдсэн юм. 2011 онд Бин Ладенг Пакистанаас барьж, цаазаар авсан билээ. Энэ үеэс  хойш өнөөг хүртэл үргэлжилсэн дайны сүүдэрт АНУ, НАТО-ын талаас 3500 цэрэг амь үрэгдэж, 28 мянган цэрэг эрүүл мэндээрээ  хохирч, нийт 737 тэрбум ам.долларын хохирол амссан байна. Харин Афганистаны талд 130 мянга гаруй гэм зэмгүй иргэд, 29 мянган цэрэг, цагдаа амь насаа алдан, Талибаны 20-35 мянган хүн хорвоог орхиж, 21 тэрбум гаруй ам.долларын хохирол амсчээ.

Энхийн гэрээний талаар бид юу мэдэх вэ?

2016 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Дональд Трамп уг дайнд цэг тавина хэмээн амлаж байсан билээ. Тэрбээр 2017 оны наймдугаар сараас эхлэн амлалтаа биелүүлэхээр хичээнгүй ажилласны үр дүнг төр барих сүүлийн жилдээ буюу 2020 оны хоёрдугаар сарын 28-нд ард иргэддээ танилцуулж, “Хэрвээ Талибан болон Афганистаны Засгийн газар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрвөл бид Афганистаны дайныг эцэслэж, цэргүүдээ төрсөн гэрт нь эргүүлэн авчрах боломжтой болно” хэмээгээд Талибантай энхийн гэрээ байгуулахаар болсноо зарласан юм.

Маргааш нь буюу 2020 оны хоёрдугаар сарын 29-нд Катарын нийслэл Доха хотод АНУ-ын талаас төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Афганистаны эвлэрүүлэх газрын тусгай төлөөлөгч Залмай Халилзад, Талибаны талаас үүсгэн байгуулагч, удирдагчдын нэг ахмад албан тушаалтан Муллах Абдул Гани Брадар нар уулзаж энхийн гэрээнд гарын үсэг зурсан. Харин энэ үеэр Вашингтонд Трамп Америкийн ард иргэдийн эрүүл энх, сайн сайхны төлөө Афганистанд хүчин зүтгэж байгаа эрэлхэг цэрэг дайчдад болон ард иргэддээ талархсанаа илэрхийлж байлаа.

Тус гэрээнд зааснаар 2020 оны гуравдугаар сарын 10-н гэхэд  Афганистан Талибаны 5000 хоригдлыг суллаж, хариуд нь өөрсдийн мянган хүнийг солилцсоноор талибанчууд Аль-Кайда болон ISIS гэх мэт энх тайвныг үл сахигч, алан хядагч бүлэглэлүүдтэй хамтран ажиллахгүй, цаашлаад галаа зогсоовол 135 өдрийн дотор АНУ нийт 13 мянган цэргээ 8300 болгон цөөлнө. Тийнхүү цаашдаа ч талибанчууд гэрээг дагасаар байвал АНУ 14 сарын дотор НАТО-ын болон бусад холбоотнуудын хамтарсан хамгаалалтуудыг буулгаж, үлдсэн бүх америк цэргүүдээ гэрт нь хариулах аж.

Ираны шүүмжлэл

Энхийн гэрээнд гарын үсэг зураад удаагүй байхад Ираны зүгээс АНУ-ын үйлдлийн тухай “АНУ Талибантай энхийн гэрээ байгуулах нь яах вэ гэхэд Афганистаны хувь заяаг өмнөөс нь шийдэх ямар ч эрх байхгүй. Афганистаны энх тайвны тухай НҮБ л ярина уу гэхээс Вашингтон ярих нь илүүц” хэмээх байр суурийг илэрхийлжээ. Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф “Вашингтон Афганистан дахь цэргүүдийнхээ оролцоог хууль ёсны болгохоор оролдож байна” хэмээн үзэж буйгаа ч илэрхийлсэн юм.

Тэрбээр “АНУ-д ямар ч энхийн гэрээ байгуулж, Афганистаны ирээдүйг дураар шийдэх хууль эрх зүйн орчин байхгүй. Энэ тал дээр НҮБ анхаарлаа хандуулж, хэлэлцэн, хянаж, тухайн гэрээ хэлэлцээрийг хүчин төгөлдөр хэрэгжих боломжтой эсэхийг нягтлах байх хэмээн бид найдаж байна” хэмээв.

Мөн “Афганистанд гадны цэргүүд байх нь хууль бус бөгөөд тус улсын эсрэг аюултай дайн дэгдэх маш том шалтгаан хэвээрээ байх болно. Энх  тайвны тухай яриа зөвхөн Афганистаны улс төрийн бүлэглэлүүд болон Талибаны хооронд яригдах ёстой. Иран энэ тал дээр их бухимдалтай байна” гэх байр суурийг илэрхийлэв.

Афганистаны эсэргүүцэл

Энхийн гэрээ байгуулсны маргааш/2020.03.01/ Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани АНУ хоригдлуудыг суллахыг санаачилсан ч эцсийн бүлэгт шийдвэр гаргах эрхийг Кабулд үлдээсэн гэдгийг онцолж, “Энх тайван гэх нэрээр Талибаны 5000 хоригдлыг суллах боломжгүй. Энэ бол Афганистаны ард иргэдийн төлөөх хамгийн зөв шийдвэр” хэмээн ярьжээ.

Афганистаны ирээдүйн талаар хэлэлцэж, энх тайвныг тогтоох гэрээ, төлөвлөгөөнд аргахад Ерөнхийлөгч болон засгийн газраас огт оролцоогүй тул Талибаны 5000 хоригдлыг суллуулах нөхцлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээх байр суурийг Ерөнхийлөгч илэрхийлж, нөгөө талаас Талибан Афганистанд хоригдож буй 10 мянган хүнийх нь дор хаяж 5000 хүнийг нь суллахгүй бол галаа зогсоохгүй хэмээгээд Афганистаны цэргүүдтэй байлдсаар байгаа ажээ. Гэвч Ерөнхийлөгч Ганигийн шийдвэр Афганистан АНУ-аас аюлгүй байдал болон эдийн засгийн хувьд хараат байдаг учир Трампын өмнө дэндүү хүчгүйдэх юм.

Талибаны байр суурь

Талибанчууд АНУ-тай гэрээ байгуулсан ч Афганистантай зөвшилцөж чадаагүй тул олон улсын бус зөвхөн афган цэргүүдийн эсрэг галаа зогсоохгүй хэвээр байна. Энхийн гэрээний нарийн ширийн заалтуудыг Афганистаны засгийн газар болон Талибан АНУ-ын оролцоогүйгээр хэлэлцэх ёстой юм. Гэвч гэрээнд заасны дагуу Талибаны 5000 хоригдлыг суллах боломжгүй хэмээн Афганистаны зүгээс мэдэгдсэнд талибанчууд ийнхүү эсэргүүцлээ үргэлжлүүлж байгаа ажээ. Талибаны төлөөлөгч Забихуллах Мужахид “Бид хэлэлцээр хийхэд бэлэн байна. Гэвч өөрсдийн 10 мянган хүнээс ыдаж гэрээнд заасан 5000 хүнээ суллуулж авахаас нааш нэг ч үг солилцохгүй” хэмээн ярьжээ. Харин BBC агентлагийн ажиглагч Талибан цаашид үргэлжлүүлэн дайтах гэж байна уу? эсвэл ердөө Афганистаны засгийн газарт шахалт үзүүлж байна уу? гэдэг нь тодорхойгүй байна хэмээв.

Афганистаны Дотоод хэргийн сайдын төлөөлөгч Марва Аминигийн хэлснээр талибанчууд Афганистаны 16 мужид энгийн иргэд болон хүчнийхэн рүү гуравдугаар сарын 2-нд 33 удаа довтолсон гэнэ. Тэрхүү довтолгоонуудад зургаан гэмгүй иргэн нас барж, 14 хүн шархаджээ. Мөн Афганистаны талаас Талибаны найман дайчныг хороож, 15 дайчныг шархдуулан баривчилжээ.

Хоёрдугаар сарын 29-нд энхийн гэрээг байгуулахын тулд долоо хоногийн турш Талибаны галыг хязгаарласан билээ. Тийнхүү хязгаарлахаас өмнө талибанчууд Афганистан руу өдөрт дор хаяж 100 удаа довтолдог байж.

Гэрээнд  галыг бүрмөсөн зогсооно хэмээн тусгасан ч энэ байдлаараа үргэлжилсээр байвал гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх хугацаа буюу гуравдугаар сарын 10-аас хэрэгжиж чадахгүй байх вий хэмээн АНУ-ын мэргэжилтнүүд санаа зовж байна.

АНУ-ын хариу

Афганистан дахь америк цэргүүдийн командлагч генерал Скотт Миллер “Бид энэхүү гэрээнд онцгой анхаарч байгаа. Талибанчууд ч гэсэн өндөр ач холбогдол өгнө хэмээн найдаж байна. Бид санаагаа маш тодорхой тусгасан. энх тайван тогтох л ёстой” хэмээн ярьжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Талибаныг үүсгэн байгуулагч, удирдан чиглүүлэгчдийн нэг Муллах Абдул Гани Барадартай гуравдугаар сарын 3-нд утсаар ярин, энхийн гэрээ байгуулсан ч Афганистаны эсрэг галаа зогсоохгүй байгаа талаар нь хэлэлцжээ.

Трамп дуудлагыг Цагаан ордноос хийсэн бөгөөд Талибаны удирдагчтай маш сайн яриа өрнүүлсэн гэдгээ баталж, “Би Талибаны удирдагчтай ярилцлаа. Бид хоёул ямар ч хүчирхийлэл хүсэхгүй байгаа бөгөөд цаашид хүчирхийлэлгүй байхаар тохиролцсон. Юу болохыг харж л байя. Тэд Афганистаны Засгийн газартай учраа олох хэрэгтэй. Тиймээс харж л байя. Муллах бид хоёрын харилцаа маш сайн. Тэд ч гэсэн галаа зогсоохыг хүсч байгаа, бэлэн байгаа” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

Нөхцөл байдлын тухай асуухад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Харж л байя. Элдэв мэдээлэлд болон хүмүүсийн ярьж байгаад анхаарах хэрэггүй. Тэд юу хийхээ мэднэ. Бодит байдал дээр чухам юу болохыг харж л байя” хэмээжээ. Харин Марк Миллей “Би хүн бүхэнд Талибаны хүчирхийлэл эрс буурсныг сануулмаар байна. Гэхдээ хэзээ ч огт алга болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээв.

Трампын огцом шийдвэр

АНУ-ын зэвсэгт хүчин гуравдугаар сарын 4-нд Афганистаны Хильменд аймаг дахь Талибан дайчдыг бөмбөгдөж, энхийн гэрээг эрсдэлд унагасан.

АНУ-ын зэвсэгт хүчний төлөөлөгч Хильменд аймгийн Нахр-и Сараж гэх газарт Афганистаны үндэсний аюулгүй байдлын хүчин рүү довтолсоор байсан талибанчуудыг бөмбөгдсөнөө мэдэгджээ. Харин Пентагоны зүгээс энэ үйлдэл нь хамгаалалтын шинжтэй, Талибаны дайралтыг саатуулах зорилготой арга хэмжээ бөгөөд өнгөрсөн 11 өдрийн хувьд АНУ-ын зүгээс хийсэн эхний дайралт хэмээн мэдээлсэн байна.

АНУ-ын зүгээс талибанчуудыг шаардлагагүй довтолгоонуудаа зогсоож, гал зогсоох амлалтаа биелүүлэхийг шаардсаар байсан билээ.

Афганистаны Засгийн газрын мэдээлснээр талибанчууд өнгөрсөн шөнийн дайралтаар 20 афган цагдаа, цэргийн аминд хүрчээ.

Энэ гэнэтийн үйл явдал Трамп Талибаны удирдагчтай урт, найрсаг ярилцлага хийсэн хэмээн мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа болсон нь хачирхалтай.

Олон улсын эрүүгийн шүүх(ОУЭШ)-ийн байр суурь

Трампын заналхийлэл, сүрдүүлгийг үл хамааран ОУЭШ 19 жилийн турш үргэлжилсэн дайны үеэр АНУ, Афганистаны цэргүүдийн үйлдсэн харгислал, бэлгийн хүчирхийлэл, эрүүдэн шүүх зэрэг дайны гэмт хэргүүдийг мөрдөн шалгах болсноо мэдэгджээ.

Энэхүү ноцтой дайны гэмт хэргүүдээс цэвэрхэн мултарлаа хэмээн АНУ баярлаж байсан ч одоо ОУЭШ Дональд Трампын цэргийн дарга нараас буруутай үйлдлүүдээ хүлээхийг эелдгээр хүсч байна.

Мэргэжилтнүүд ОУЭШ зоригтой шийдвэр гаргасан боловч төдийлөн үр дүнд хүрч чадахгүй, ОУЭШ-ийн мөрдөн байцаагчид Афганистанд үүрэг гүйцэтгэсэн АНУ-ын цэргүүд болон тагнуулын албаны нууц ажилтнуудыг хүний ​​эрхийг зөрчсөн хэмээн байцаахаар дуудсан ч хариу ирэхгүй бөгөөд цаашлаад энэ шийдвэр АНУ-ыг бага зэрэг ичгэвтэр байдалд оруулж л төгсөнө хэмээн таамаглаж байна.

Олон мянган хохирогчид урьдчилсан мөрдөн байцаалтын үеэр ОУЭШ-ийн прокурор Фату Бенсудад түүхээ ярихаар ирсэн ч АНУ, Афганистаны цэргийн албан хаагчид, сүүдэрт ажилладаг хүмүүс тус мөрдөн байцаалтад хамтарч ажиллах тун дургүй байдаг билээ. Гэвч тэдний тусламжгүйгээр ОУЭШ-ийн мөрдөн байцаалт үр дүнд хүрэхгүй ажээ.

Мөрдөн байцаалт нь ийнхүү учир дутагдалтай байсан тул ОУЭШ мөрдөн байцаалтыг бүрэн хэмжээнд хийхгүй байх шийдвэр гаргасан ч энэ долоо хоногт дээрх байдлаар шийджээ. Хэрэв АНУ туслахаас татгалзвал ОУЭШ юу ч хийж чадахгүй атал ийнхүү зоригтой шийдвэр гаргасан нь тун хачирхалтай.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Вашингтон Афганистан дахь АНУ-ын цэргүүдийн үйлдсэн дайны гэмт хэрэг болон бусад хүчирхийллийг мөрдөж буй ОУЭШ-ийн ажилтнуудад өгсөн визийг хүчингүй болгох болно гэж мэдэгдсэн бөгөөд энэ сарын эхээр прокурор хатагтай Бенсудагийн визийг хүчингүй болгожээ.

Прокурор хатагтай Бенсуда 2017 онд АНУ-ын төдийгүй Афганистаны хүчин, Талибан улсуудын эсрэг хийсэн дайны гэмт хэргийн талаарх мэдэгдлийг бүрэн шалгаж өгөхийг АНУ-ын удирдлагаас хүссэн. Гэвч Вашингтон тэдний санаснаар хөдөлсөнгүй. Иймэрхүү байдлаар асуудал сунжирсаар 2019 оны арваннэгдүгээр сард Трамп Афганистан, Ирак дахь дайны үеэр дайны гэмт хэрэгт буруутгагдсан хоёр офицерыг өршөөж, албан тушаалыг нь сэргээснээр өөрийн байр сууриа харуулсан билээ.

Америкыг дахин агуу гүрэн болгох уриатай Дональд Трамп дайныг төгсгөх амлалтаа биелүүлээд зогсохгүй бусад улс орнуудын АНУ-ыг буруутгах, шүүмжлэх шалтгаан гаргахгүйгээр АНУ-ыг уснаас хуурай гаргаж ирэх нь түүний дахин ерөнхийлөгчийн суудалд суух төлөвлөгөө бололтой.

Exit mobile version