Дэлхий

ОХУ, Туркийн удирдагчид Идлиб мужид гал зогсоох гэрээг байгууллаа

Нийтэлсэн

ОХУ болон Туркийн төрийн тэргүүн нарын хоорондох уулзалт Москва хотод  зохион байгуулагдлаа. Уулзалтаар удирдагчид Сирийн Идлиб мужид гал зогсоох гэрээг байгуулаад байна.

ОХУ-ын  ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган нар Москва хотод уулзалт хийлээ. Уулзалтын дараагаар хоёр удирдагчид  хэвлэлийн хуралд оролцсон юм.  ОХУ, Туркийн талууд Сирийн Идлиб мужид гал зогсоох гэрээг байгуулж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Энэхүү гэрээнд Туркийн арми болон Сирийн засгийн газрын армийн хоорондох зэвсэгт мөргөлдөөний зогсоох үүднээс 6 километрийн өргөнтэй  аюулгүйн бүсийг байгуулах асуудлыг тусгасан байна.

Идлиб муж дахь гал зогсоох гэрээ  3 дугаар сарын 06-ны  шөнө дундаас хэрэгжиж эхлэх юм. Мөн Орос болон Туркийн цэргүүд  Идлиб мужийн M-4 хурдны замын дагуу хамтран эргүүлд гарч байхаар болсон байна. Москва болон Анкарагийн талууд Сири дэх нөхцөл байдлыг шийдвэрлэх арга зам нь  зэвсэгт тэмцэл биш гэдэг байр суурин дээрээ нэгдэж байгаагаа илэрхийлжээ.

Туркийн засгийн газраас олон  мянган цэрэг болон  танк, пуужин зэрэг байлдааны төхөөрмжийг Сирийн Идлиб муж уруу илгээж,  сөрөг хүчний армид тусламж үзүүлж ирсэн. Оросын дэмжлэг үзүүлж байгаа Сирийн ерөнхийлөгч Асадын армийн агаарын цохилтын үеэр Туркийн 33 цэрэг амиа алдсан үйл явдал саяхан тохиосон юм. Сирийн нутаг дэвсгэр дэх Орос Туркийн ашиг сонирхол Идлиб мужид дахь ширүүн мөргөлдөөнөөр илэрч байгааг шинжээчид онцолж байсан юм.

Exit mobile version