Дэлхий

ОХУ-ын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах иргэдийг цахимаар бүртгэж байна

Нийтэлсэн

ОХУ-ын Засгийн газраас жил бүр Монгол Улсын иргэдэд зориулан тус улсын их, дээд сургуулиудад 4-7 жил үнэгүй суралцах 500 тэтгэлэгт хуваарийг гаргадаг.

Энэ жилийн тухайд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран Оросын холбооны улсын Засгийн газрын төсвийн хөрөнгөөр ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй Монгол Улсын иргэдийг цахимаар бүртгэх ажил энэ сарын 14-нд дуусна.

Тодруулбал, ОХУ-ын их, дээд сургуульд суралцахыг горилогчдод заасан насны хязгаар байхгүй бөгөөд горилогч заавал анхан шатны орос хэлний зохих мэдлэгтэй байх шаардлагатай.

Үүнээс гадна хэлний анхан шатны мэдлэгийн шаардлага хангаагүй тохиолдолд бакалавр, нарийн мэргэжлийн анги, магистр, докторт суралцахын тулд орос хэлний нэг жилийн ангийн тэтгэлэгт заавал хамрагдах ёстой. Тиймээс дээд, тусгай мэргэжлийн өдрийн болон эчнээ аль ч ангид элсэн ороход эхний нэг жилийг хэлний бэлтгэлд суралцан өнгөрүүлнэ. Тэгснээр өөрийн сонгосон мэргэжлээр цаашид төвөггүй суралцах юм.

Түүнчлэн Оросын шинжлэх ухаан, соёлын төв(РЦНК) нь дээрх 500 хуваарийн сонгон шалгаруулалтыг Монголд зохион байгуулдаг цорын ганц хуулийн этгээд бөгөөд БСШУСЯ хамтарсан ажлын хэсэгт багтдаг аж.

Энэ жилийн хувьд улс орон даяар үүссэн нөхцөл байдлаас хамааран элсэлтийн тогтсон журамд өөрчлөлт орж, тэтгэлэгт горилогч цахимаар бүртгүүлснээр тухайн элсэгчийг суралцах явцдаа үзүүлсэн амжилтаар нь шалгаруулах юм байна.

Ташрамд дуулгахад, өнөөдрийн байдлаар дээрх сонгон шалгаруулалтад https://future-in-russia.com/ цахим хуудаснаа 766 горилогч бүртгүүлжээ.

Exit mobile version