Эрүүл мэнд

ДЭМБ: Улс орнууд дорвитой арга хэмжээ авахгүй бол “COVID-19” ЦАР ТАХАЛ болж болзошгүй

Нийтэлсэн

“Шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар олон улсыг хамарсан цар тахал болох шинжтэй байна” гэж Сингапурын Үндэсний хөгжлийн сайд Лоренс Вон мэдэгдлээ. Хурдацтай тархаж буй энэ өвчнийг “тахал” гэж зарлаагүй Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шүүмжлэлд өртөөд байна.

Үүнээс өмнө шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалтын эсрэг хангалттай арга хэмжээ авахгүй байгаа улс орнуудыг нэрлэхэд хүрч магадгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулсан юм. Мөн “Улс орнууд дорвитой арга хэмжээ авахгүй бол цар тахал болж болзошгүй” гэж тодотгосон байна.

Одоогоор АНУ, Европ, Азийн орнууд вирусийн тархалтын эсрэг арга хэмжээ авахад 54 тэрбум гаруй ам.доллар зарцуулахаар төлөвлөөд байна. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 7.8 тэрбум ам.долларын төсөв баталсныг Сенат сүүлд дэмжжээ. АНУ-д “COVID-19”-өөр өвчилсөн хүний тоо Сиэтл хотод 20-оор, Нью-Йорк мужид 11-ээр нэмэгдэж, Нью-Жерсид эхний тохиолдол бүртгэгдсэн байна. АНУ-ын Засгийн газар энэ долоо хоногт багтаж вирусийн нэг сая оношлууртай болох зорилтоо биелүүлж чадахгүй байж магадгүй гэж Сенатын гишүүд мэдэгдээд байгаа юм. Халдварын тохиолдол 3858 болсон Итали улс вирусийн тархалтын эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд 7.5 тэрбум евро зарцуулахаа мэдэгдээд байна.

Дэлхий 90 улсад тархаад буй шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан хүний тоо 100 мянга дөхөж, 3387 хүн нас бараад байна. 6000 орчим хүний биеийн байдал хүндхэн байгаа бол эдгэрсэн хүний тоо 55 мянга 661 болжээ. Тархалтын эрч БНХАУ болон БНСУ-д буурсан бол Иранд нэмэгдсэн байна. Их Британи, Швейцарт шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын улмаас нас барсан эхний тохиолдлууд бүртгэгджээ.

Н.Номин-Эрдэнэ
Эх сурвалж: bloombergtvmongolia.com

Exit mobile version