Эрүүл мэнд

Монгол Улсын 24 иргэнтэй хамт ОУ-ын хуралд оролцсон Канадын иргэнээс COVID-19 илэрсэн нь батлагдсан

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамнаас гаднын улс оронд зорчихгүй байх зөвлөгөөг өгсөөр байгаа боловч манай иргэд өвчлөл гарсан улсад зорчиж байнга хүндрэл учруулж буй тухай ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн мэдээллийн үеэр онцолж байв.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Бид нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн халдвар бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байх тухай зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаж байна. Гэтэл манай иргэд олон улсын хурлуудад очиж оролцож байна.

Тухайлбал, Хоёрдугаар сарын 23-28 хооронд АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулагдсан 60 гаруй орны 6,000 төлөөлөгч оролцсон Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форумд манай улсын 24 хүн оролцжээ.

Тэд гуравдугаар сарын 3-5 хооронд буцаж ирэхэд нь тусгаарласан бөгөөд нийт 16 хүнийг ХӨСҮТ-д ажиглалтад авлаа. Тухайн форум оролцсон 24 хүнээс үлдсэн найм нь одоогоор ирээгүй. Маргаашнаас ирэхэд нь үлдсэн найман иргэнийг тусгаарлана.

Тусгаарлагдсан иргэд тусгаарлалтад байхдаа олон улсын форумд оролцсон гэдгээ хэлээгүй.

Гэтэл тэдгээр иргэдтэй хамт тус хуралд оролцсон Канад улсын иргэнээс коронавирус илэрсэн нь батлагдсан байна.

Тиймээс тухайн улс өөрийн үүргээ ухамрсарлаж, тус хуралд оролцсон Монгол Улсын төлөөллүүдийг анхаарна уу гэсэн нот бичиг ирүүлсэн байна” гэлээ.

Мөн тэрбээр , “2020 оны гуравдугаар сарын 6-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарч, COVID-19 илрээгүй.

Харин өчигдөр буюу гуравдугаар сарын 7-ны өдөр ХӨСҮТ-д сэжигтэй гурван тохиолдлыг тусгаарлаад байна.

Гуравдугаар сарын 6-нд ХӨСҮТ 13 хүнийг, Асралт мед эмнэлэг 4, Дархан-Уул аймагт 1 хүнийг тус тус ажиглалтад авсан бөгөөд өчигдрийн байдлаар нэмж 18 хүнийг ажиглалтад авсан байна” гэв.

Exit mobile version