Эрүүл мэнд

COVID-19 халдвар манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна

Нийтэлсэн

“Иргэд өвчлөл гарсан улсад зорчиж байнга хүндрэл учруулж байна”

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлсэн үгэндээ “COVID-19 халдвар сүүлийн 24 цагийн дотор дэлхийн 99 орныг хамарч, дөрвөн улсад шинээр бүртгэгдлээ.

Одоогоор БНСУ, Япон, Иран, Итали болон Испани, Франц, АНУ-д өвчлөл нэлээд эрчтэй тархаж, голомтлох байдлаар гарч эхэлж байна.

Өвчин гарч эхэлснээс хойш Эрүүл мэндийн яамнаас гаднын улс оронд зорчихгүй байх зөвлөгөөг өгсөөр байгаа билээ. Харамсалтай нь манай иргэд өвчлөл гарсан улсад зорчиж байнга хүндрэл учруулж байна. 

Мөн өнөөдөр Франц улсаас ОХУ-аар дамжиж гадаад иргэн Монгол Улсад ирсэн тохиолдол байна. COVID- 19 халдвар манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна” хэмээн онцлов.

“Хүн бүр өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвартай гэдгийг ДЭМБаас сануулж байна”

ДЭМБын мэргэжилтэн О.Ариунтуяа “Гуравдугаар сарын 7-ны ДЭМБын мэдээллээр СOVID-19 халдварын нийт 101,927 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 106 хүн нас барж, нийт нас баралтын тоо 3,486-д хүрчээ.

Харин БНХАУ-д 28 хүн нас барж, 102 хүн шинээр халдвар авсан нь тус улсад дэгдэлт тууштай бууж байгааг харуулж байна.

БНХАУ-аас бусад улсад шинэ тохиолдлын тоо 3,633-аар нэмэгдсэн. Үүнээс 1,234 нь Иранд ,  778 нь Италид, 483 тохиолдол нь Солонгос улсад бүртгэгджээ.

Мөн Герман, Испани, Швейцар зэрэг улсад хоногт 100-аас дээш тохиолдол шинээр бүртгэгдэж голомтлон тархаж байна.

БНСУ-д нийт 178 мянга гаруй хүн лобаротарийн шинжилгээ хийлгэснээс 150 мянгад нь халдвар илрээгүй. Түүнчлэн тус улсад бүртгэгдэж байгаа шинэ тохиолдлын тоо буурч шинээр голомт үүсээгүй байна.

COVID-19 халдварын тохиолдлын тоо дэлхийн хэмжээнд 100 мянга давсан энэ үед Засгийн газар болон нийгмийн бүх давхаргад авч буй арга хэмжээ нь вирусийн тархалтын хурдыг удаашруулан үр нөлөөг нь бууруулж болохыг БНХАУ болон бусад улс орон харуулж байна гэж  ДЭМБын байгууллагаас мэдэгдсэн.

Ямар ч улс орны Засгийн газар халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй шийдвэр гаргаж болохгүй гэдгийг анхааруулж байна.

Хүн бүр гэр орондоо болон олон нийтийн газарт өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвартай гэдгийг ДЭМБаас сануулж байна” гэв.

Exit mobile version