Энтертайнмент

NBA: Аваргын төлөө өрсөлдөх багуудын нууц хөзрүүд

Нийтэлсэн

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн аваргын төлөө өрсөлдөх 16 багийн нэр эхнээсээ тодроод байна. Плей-офф буюу хасагдах шатанд өрсөлдөх эрхээ одоогийн байдлаар дорнод бүсээс Милвауки Бакс, Торонто Рэпторс зэрэг багууд авсан байгаа бол өрнөд бүсээс Лос-Анжелес Лэйкерс баг аваад байна.

Жил бүрийн Ларри О’Брайены аваргын цомыг хүртэж байсан баг болгонд “нууц хөзөр” болсон тоглогчид байсан. Роберт Орри, Тревор Ариза, Кавай Леонард, Рэй Аллен, Андре Игуодала, Маттью Деллаведова, Фред Ванвлит зэрэг тоглогчид NBA-ийн аварга цувралуудад цойлон гарч ирж, багтаа тус болж байжээ. 2019-2020 оны NBA-ийн аварга авах өндөр магадлалтай багуудын хэн гэдэг тоглогч цойлон гарч ирж, “ X-Factor” болох вэ?

Алдрын танхимын гишүүн, домогт дасгалжуулагч, NBA-ийн 11 удаагийн аварга Фил Жексоны тодорхойлсноор аваргын төлөө өрсөлдөх баг гэж 20 хожигдол хүлээхээсээ өмнө 40 хожил авсан багийг хэлнэ гэсэн байдаг. Одоогийн байдлаар NBA-д Милвауки Бакс, Торонто Рэпторс, Бостон Селтикс, Лос-Анжелес Лэйкерс, Лос-Анжелес Лэйкерс, Денвер Наггетс зэрэг зургаан баг дээрх тодорхойлолтод хүрээд байна.

  • Милвауки Бакс – Эрик Бледсо

NBA-д элсээд есөн жилийг үдэж буй Эрик Бледсо энэ улиралд онцгой байгаа. Олон хүн ч түүнийг энэ жилийн NBA-ийн бүх оддын тоглолтод сонгогдоно гэж бодож байсан ч тийм зүйл болсонгүй. Өдгөө 30 настай тэрбээр энэ улиралд 15.2 оноо, 5.4 ашигтай дамжуулалт, 4.7 самбараас бөмбөг авалт зэрэг тун тэгш тоглолтыг үзүүлж байна.

Энэ жил лигийг амжилтаараа тэргүүлж буй Милвауки Бакс NBA-ийн финалд гараад ирвэл Эрик Бледсо тус багийн нууц хөзөр байхыг үгүйсгэхгүй. Харин өнгөрсөн жилийн Бостон Селтикс багтай хийсэн плей-оффын цувралын үеэр үзүүлж байсан муу тоглолтоо үзүүлвэл Милвауки Бакс багийн аварга мөрөөдөл хэцүү болж ирнэ. Мөн тус багт Эрик Бледсогоос гадна Кайл Корвер, Уэсли Маттьюс, Донте ДиВинсензо зэрэг сэлгээнээс гарч ирэх урд шугамын сайн шидэгч нар байгаа.

  • Лос-Анжелес Лэйкерс – Алекс Карусо

Лэйкерс багийн энэ улирлын гайхалтай амжилтын нэг гол багана болж байгаа тоглогч бол Алекс Карусо. Талбайн бүх хэсэгт эрч хүчтэй, идэвхитэй тоглолтыг үзүүлдэг тэрбээр Лэйкерс багийн плей-оффын нууц хөзөр байх болно. Өдгөө 26 настай тэрбээр дөрвөн жилийг их сургуулийн сагсан бөмбөгт зориулж, хангалттай туршлага суусан гэж хэлж болно. Одоо түүнийг Лэйкерс багийн тоглолтыг төгсгөдөг гарааны таван тоглогчийн нэг гэж хэлэхэд буруудахгүй. Ямартай ч талбайд байхдаа 10, 20 оноо түүж, трипл-дабл хийдэггүй ч түүний багтаа үзүүлж буй нөлөө нь цаасан дээр буудаг үзүүлэлтээс илүү.

  • Торонто Рэпторс – Норман Повелл, ОЖи Ануноби

Аваргаа хамгаалах гэж буй Торонто Рэпторс багт өнгөрсөн жил Марк Газол, Сөрж Ибака, Фред Ванвлит, Паскал Сиакам гэх зэрэг маш олон нууц хөзөрнүүд байсан. Харин энэ жил бусад багууд тэдний тоглолтыг судалж эсрэг арга хэмжээг авах нь лавтай. Тэгвэл  Норман Повелл, ОЖи Ануноби гэх энэ хоёр тоглогч дараагийн Фред Ванвлит, Паскал Сиакам болж дахин аваргын цом хүртэх замд нь газарчилж болох юм.

Норман Повелл энэ улиралд онцгой байж сэлгээнээс 16.4 оноо дунджилж, 39.5 хувьтай алсын зайнаас шидэж, 50.2 хувьтай довтолж байна. Харин ОЖи Ануноби энэ улиралд гараанд гарч 10.8 оноо, 5.5 самбараас бөмбөг авалт дунджилж мөн багийнхаа хамгаалалтын гол хүмүүсийн нэг болоод байгаа юм.

  • Лос-Анжелес Клипперс – Сэлгээний бүх тоглогч

Одоогийн байдлаар NBA-ийн хамгийн тэнцвэртэй бүрэлдэхүүнтэй баг гэвэл Клипперсийг нэрлэж болно. Тус багийн сэлгээнээс л гэхэд Монтрезл Харрелл, ЖаМайкл Грин, Режжи Жексон, Лу Уильямс, Ландри Шамет гээд өөр багт байсан бол гарааны тоглогч хийж байх ёстой тоглогчид байна. Энэ тоглогчдоос хэн нь ч цоорч, гайхалтай тоглолт үзүүлэхийг үгүйсгэхгүй. Ялангуяа энэ улиралд дахин “Шилдэг зургаа дахь тоглогч”-ийн шагнал хүртэх магадлалтай байгаа Лу Уильямс болон 18.7 оноо, 7.1 самбараас бөмбөг авалт дунджилж буй Монтрезл Харрелл нар плей-оффын шатанд багтаа ихээхэн дэм болох нь гарцаагүй.

  • Бостон Селтикс – Гордон Хэйуорд

Энэ улиралд Бостон Селтикс багийн гарааны гурван тоглогч болох Жейлен Браун, Жейсон Татум, Кемба Уокер нар бүгд 20+ оноо дунджилж байгаа бол тэдний араас Гордон Хэйуорд 16.9 оноо, 6.5 самбараас бөмбөг авалт, 4.1 ашигтай дамжуулалт гэсэн тун давгүй үзүүлэлтийг үзүүлж байна. Өдгөө 29 настай түүний хувьд хүнд гэмтлээс эргэн ирэн ийм хэмжээний тоглолт үзүүлж байгаа нь гайхалтай. Тиймдээ ч түүнийг плей-оффын шатанд багтаа тус хүргэж, хуучны 20+ дунджилдаг бүх одод Гордон Хэйуордыг эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Бостон Селтикс багийн сэлгээний бүрэлдэхүүн дан залуучуудаас бүрдсэн бөгөөд Маркус Смартыг плей-оффын шатанд гайхалтай тоглолт үзүүлээсэй гэж хүсч байна. Түүний хамгаалалт энэ багт их тус болох нь дамжиггүй.

  • Денвер Наггетс – Майкл Портер Жр., Жериан Грант

Бүрэлдэхүүнээ голдуу залуу тоглогчдоор бүрэлдүүлсэн Денвер Наггетс баг лигийн хамгийн аюултай довтолгоотой багуудын нэг.Пол Милсап, Никола Ёкич гэх шилдэг самбарын хослолтой Денвер Наггетс багт Уилл Бартон, Гарри Харрис, Жамал Муррей нараас гадна сэлгээнээс тоглох Майкл Портор Жр., Жериан Грант нар багийнхаа ачаанаас голоос үүрэлцэх байх.

Ялангуяа боломж өгвөл тоглож чадна гэдгээ харуулсан Майкл Портер Жр.-ийг плей-оффын тоглолтуудад онцгойрох магадлалтай гэж үзэж байна. Харин энэ багийн хамгаалалтын гол хүн болоод буй Жериан Грант эсрэг багуудын од тоглогчдын толгойны өвчин байх нь гарцаагүй.

Мөн одоогийн байдлаар чөлөөт агентын зах зээлд Жамал Кроуфорд, Ж.Р.Смит, Жөү Жонсон, Алекс Абринес зэрэг хэрэгтээ багтаа хэрэгтэй хүмүүс ажилгүй байсаар байна.

Exit mobile version