Дэлхий

Умард Солонгос 3 үл мэдэгдэх биетийг харважээ

Нийтэлсэн

Умард Солонгос гурван ч үл мэдэгдэх зэвсгийг харван туршиж үзсэн талаар Өмнөд Солонгосын талаас мэдээлсэн байна. Одоогоос долоо хоногийн өмнө Умард Солонгос мөн л ойрын зайн тусгалтай пуужин туршсан юм. Даваа гарагт Умард Солонгос улс зүүн тэнгис рүү үл мэдэгдэх биетүүдийг харвасан байна.

Өмнөд Солонгосын талаас мэдээлснээр дээрх зэвсгийг Өмнө Хамгён мужийн Сондок гэх тосгоны ойролцоогоос галласан гэдгийг мэдээлжээ. Одоогийн байдлаар Умард Солонгос хэр холын тусгалтай, ямар төрлийн пуужин эсвэл бусад төрлийн зэвсгийг туршсан нь тодорхойгүй байгаа юм. Өмнөд Солонгосын холбогдох албаныхан “Умард Солонгос дахин гал нээж магадгүй учраас нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай хариу арга хэмжээг авахад бэлтгэж байгаа” гэжээ.

Сондок хот нь Умард Солонгосчуудын олон үйлдлийн системд супер пуужингийн анхны туршилтыг явуулсан бүс нутаг гэдгээрээ алдартай юм. Үүнээс өмнө буюу өнгөрсөн даваа гарагт Пехньян мөн л хоёр ч үл мэдэгдэх биетийг тэнгис рүү галласан юм. Дээрх хоёр биетийг ойрын зайны тусгалтай пуужин байсан гэж таамаглаж байгаа. Өнгөрөгч 2019 онд Умард Солонгос 13 удаа пуужингийн туршилтыг хийж байжээ.

Хэдийгээр Умард Солонгос ойр ойрхон пуужингийн туршилт явуулж, Өмнөд Солонгосчуудын бухимдлыг төрүүлж байгаа ч дээрх хоёр орны харилцаанд эерэг уур амьсгалыг бий болгосон үйл явдал мөн саяхан тохиосон юм. Одоогоос таван өдрийн өмнө Ардчилсан Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд захидал илгээсэн юм. Тэрбээр захидалдаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч болон ард түмэнд эрүүл энхийг хүсч, шинэ коронавирусний дэгдэлтийг Сөүл ялна, дийлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Сонирхуулахад, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Умард Солонгосын үл мэдэгдэх зэвсгийн туршилтын талаарх мэдээллийг цуглуулж, анализ хийхийг Засгийн газрын албаныхандаа даалгасан байна. Энэ үйл явдалтай холбоотой үнэн зөв мэдээллийг ард иргэдэд яаралтай хүргэхийг үүрэг болгожээ.

Exit mobile version