Улс төр

Жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйчүүдэд цалинтай чөлөө олгохыг даалгажээ

Нийтэлсэн

УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин: УОК-ын 11 дэх удаагийн хуралдаанаар халдвар авсан иргэнтэй хавьталд орсон иргэдийг олж тогтоон, тусгаарлан, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл зогсоосон.

Онгоцны нислэг болон галт тэрэгний хуваарьтай шийдвэрүүд гаргасан. Энэ талаар товч мэдээлнэ.

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: Францын иргэн 57 настай иргэний шинжилгээний хариуг мэдэгдсэн. Өнөөдөр 06:00 цагт УОК албан ёсоор мэдэгдсэн.

Коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлж, гэр бүлд халдвар тархахаас хамгаалж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгасан. Энэ шийдвэр нь өмчлөлийн хэлбэрээс үл хамаарна.

-Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хууль ёсны шаардлага биелүүлээгүй бол ямар хариуцлага хүлээлгэх вэ?

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: -Францын иргэний Москвагаас Дорноговь аймгийн Улаанбадрах сум хүртлэх маршрут тогтоогдсон. Идэрболд, Дэжидмаа гэдэг хоёр хүний асуудал байгаа. Идэрболд нь Улаанбаатар хотод ирээд тусгаарлагдсан. Дэжидмаа нь өөрөө ирж хяналтад орсон.

Хуулийн дагуу шаардлага биелүүлээгүй тохиололд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно.

Франц иргэний тухайд Монгол Улсын хуулийн дагуу энэ асуудлыг шийднэ.

-ДЭМБ-ын төлөөлөгчид Франц улсын иргэнтэй хамт ирсэн. Тэдгээр хүмүүсийн талаар?

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: -Аль ч улсын иргэн энэ вирусын халдварыг авах эрсдэлтэй байна. Тухайн иргэнийг Франц улсын Марсел хотод байхад өвчний тохиолдол бүртгэгдэж байсан юм билээ. Францын иргэнийг оруулахгүй байж болоогүй юм уу гэдэг асуултыг сэтгүүлчид тавьж байгаа. ДЭМБ-аас БНХАУ, БНСУ, Япон, Иран Итали зэрэг таван оронд коронавирус голомтлон гарч байна гэж үзсэн.

Тиймээс УОК-оос ирсэн хүмүүсийг шууд тусгаарлах шийдвэр гаргасан. Харин Герман, Франц зэрэг бусад орны тухайд голомтлон гарч байгаа тохиолдол бүртгэгдээгүй.

Халуурсан, ханиасан эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл шууд тусгаарлаж байгаа. Тухайн иргэнийг Буянт-Ухаад буусан даруйд халууныг нь үзэхэд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Тиймээс тусгаарлаагүй.

ДЭМБ-ын ажилтнууд Францын иргэнтэй хамт нэг онгоцоор ирсэн нь үнэн. Одоогоор тэдгээр хүмүүс шинжилгээ өгөөд тусгаарлагдсан байгаа.

-Увс аймагт очсон Английн иргэний биеийн байдал ямар байгаа вэ? 

-Сэжигтэй тохиолдол болгоноос шинжилгээ авч баталгаажуулсны дараа нийтэл мэдээлж байгаа. Мөн ХӨСҮТ-д KFC-гийн нэг ч ажилтан халуурсан бүлээрсэн гэдэг шинжтэйгээр очоогүй.

Халдварт өвчний тухайд жишээ нь онгоцонд урд, хойш, хажуу талын тус бүр гурван эгнээний зорчигчдыг нэгдүгээр хавьтал гэж үздэг. Тэр дагуу Франц иргэний нэгдүгээр хавьтлын хүмүүсийн олж тогтоон, шинжилгээ авч, тусгаарласан.

Exit mobile version