Дэлхий

Италид халдварын тохиолдол 10 мянга давж, АНУ цэрэг дайчилж эхэллээ

Нийтэлсэн

Covid-19” халдвар өнөөдрийн байдлаар /2020.03.11/ дэлхийн 119 улс оронд 118 мянган хүнд халдварлаж, 4,292 хүний амийг авч одоод байна. Харин нийт халдвар авсан хүний 70 орчим хувь нь буюу 66,496 хүн бүрэн эдгэрчээ.


ИТАЛИ:

-Хятадаас гадна халдварын томоохон голомт болоод буй Итали улс халдварын тоогоор хэдхэн хоногийн дотор Өмнө Солонгосыг гүйцэж одоогийн байдлаар нийт халдвар авсан хүний тоо 10 мянга даваад байгаа бол нэмж 168 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 631 болжээ. Тус улс 60 сая гаруй хүн амтай бөгөөд улс даяараа хөл хорионы дэглэмд шилжээд байгаа билээ.

ӨМНӨД СОЛОНГОС:

-Халдвар их тархсан дараагийн улс бол Өмнөд Солонгос. Энэ улсад халдварын тархалт оргил үеэ өнгөрөөж буурч байгаа ч Сөүл хотын төвд байрладаг нэгэн оффисын барилгад маш олон хүн халдвар авсан нь тогтоогджээ. “Korea Building” нэртэй энэ барилга нь Шинчонжи сүмээс гадна тус улс дахь халдварын хоёр дахь том голомт болжээ. Нийт 26 давхар уг барилгад даатгалын, автомашины гэх мэт утасны дуудлагын төвүүд байрладаг бөгөөд эдгээр компаниудын ажилчид өөр өөр хотоос автобус метрогоор ажилдаа ирж очдог аж. Одоогоор уг барилгатай хамааралтай 90 хүн халдвар авсан нь батлагджээ. Энэ барилгад үйл ажиллагаа явуулдаг компаниудын 500 орчим ажилчдын шинжилгээний хариу хүлээгдэж байгаа учир дээрх тоо нэмэгдэх магадлалтай байна. Өмнөд Солонгост 7,755 хүн халдвар авч, 288 хүн эдгэрч, 60 хүн нас баржээ.

АНУ:

-АНУ-ын Нью-Йорк мужийн Нью-Рошелл хотын эргэн тойрныг хязгаарлалтын бүс болгож, цэрэг байршуулсан тухай тус мужийн захирагч Эндрю Куомо мэдэгджээ. Нью-Рошелл хот нь тус улсын хувьд халдварын голомт болоод байгаа юм. Нью-Йорк мужид 173 тохиолдол бүртгэгдсэний 108 нь Уэстчестер тойрогт бүртгэгдсэн байна. Цэргүүд сургуулиудыг халдваргүйжүүлж, тусгаарлагдсан хүмүүст хоол хүнс хүргэх, хянах үүргийг гүйцэтгэх аж. Нью-Йорк муж улсад халдварын 173 тохиолдол бүртгэгдсэний 108 нь Уэстчестер тойрогт бүртгэгдсэн байна. АНУ-д хамгийн сүүлийн мэдээллээр халдвар авсан хүний тоо 976 болж, 30 хүн нас барж, 15 хүн эдгэсэн байна.

Түүнчлэн Иран, Испани, Герман, Франц, Швейцар, Япон, Их Британи зэрэг улсуудад халдвар тогтмол нэмэгдсээр байна. Харин халдвар хамгийн анх дэлгэрсэн Хятад улсад 24 цагийн дотор 24 шинэ тохиолдол бүртгэгдэж, 22 хүн нас баржээ. Тус улсад байдал ийнхүү харьцангуй тогтворжиж, халдвартай өвчтөнүүдийг тусгаарлан эмчилж байсан түр эмнэлгүүд хаалгаа барьсаар байна.

ХАЛДВАРЫН ТООГООР ТЭРГҮҮЛЖ БУЙ 10 УЛСЫН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Эх сурвалж: Worldometers

Exit mobile version