Улс төр
М.Оюунчимэг: “Арева”-гийн хүнийг тосох нь байтугай, энэ компанийн нэг ч хүнтэй уулзаж үзээгүй
Коронавирусийн анхны тохиолдол Монголд бүртгэгдсэнтэй холбоотойгоор Франц Улсын иргэний талаар сүүлийн өдрүүдэд сошиал орчинд батлагдаагүй олон төрлийн мэдээллийг тарааж байна.
Үүний нэг нь Францын иргэнийг нэр бүхий УИХ-ын гишүүн тусгаарлуулаагүй гэх агуулга бүхий мэдээлэл юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан цахим орчинд УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн нэр хүндэд халдсан талаар тэрбээр өөрийн албан ёсны твиттер, фэйсбүүк хуудсуудаараа дамжуулан мэдэгдэл гаргаж, буруу ташаа мэдээлэл тараахгүй байхыг уриалжээ. Ингээд түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрбээр, “Монгол хүр бүр дэлхийн тахал болж буй COVID-19-ыг эх орондоо “оруулахгүй” гэж хамтдаа хичээж , Төр засаг, УОК–ын шийдвэрийг хатуу даган мөрдөж буй энэ хариуцлагатай үед олны анхаарал татсан “Франц хүнийг тусгаарлуулалгүй авч явсан ” гэх асуудалд намайг санаатай, санаандгүйгээр холбож, янз бүрийн нэр хоч зүүж харлуулахыг оролдож буй бохир улстөржилтөө зогсооно уу! Миний бие “Арева“-гийн хүнийг тосох нь бүү хэл энэ компанийн нэг ч хүнтэй уулзаж ч үзээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье! Ийм худал мэдээлэл түгээсэн хуурамч нэр бүхий аккаунтыг хуулийн дагуу шалгуулах болно!!! Бохир улс төр хийж байхын оронд нэг ч хүн бүү өвчлөөсэй, аюулт өвчнийг давж чадаасай гэж залбирч, УОК, ЭМЯ–наас өгч буй заавар зөвлөгөөг чанд биелүүлэхийг уриалж байна. Монголчууд бид энэ аюулыг хамтдаа хохиролгүй давж гарч чаднаа!” гэжээ.
Мөн дашрамд сануулахад Ерөнхий сайд болон УОК–оос коронавирустэй холбоотойгоор ард иргэдэд худал мэдээллийг сошиал сүлжээ болон олон нийтэд түгээсэн хүнд эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж байгаа юм.