Улс төр
Н.Энхбаярт сонгогдох эрхийг нь өгөх үү
Улс төрийн нам, эвслүүд энэ сарын 25 гэхэд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарьт заасан эл хугацааг коронавирусийн тархалттай холбоотойгоор өөрчилж, сунгах, цаашлаад зургадугаар сарын 24-нд товлосон санал хураалтын өдрийг эргэж харах, эсэх талаар нам, эвслүүд төдийгүй олон нийт чих тавьж байсан юм.
…Тэгвэл сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагаагаа тавдугаар сарын 10-наас эхлүүлж, долоо хоногийн дотор дуусгах ёстой. Тэр үед Цэц УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.8 дахь хэсгийн “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэх заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэх талаарх дунд суудлын хуралдаанаа хийсэн байх уу…
Тэгвэл Улсын онцгой комиссынхон нам, эвслүүдийн төлөөлөлтэй уулзаж, тус тусын мөрийн хөтөлбөр батлах хурлаа цахимаар хийхээс өөр аргагүйг хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, мөрийн хөтөлбөр батлах гэж хэдэн зуугаараа цуглахыг нь зөвшөөрсөнгүй. Аливаа улс төрийн намын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг төлөөллийн төв байгууллага нь баталдаг. Жишээ нь, Ардын намын төлөөллийн төв байгууллага болох Бага хурал нь 370 орчим гишүүнтэй бөгөөд дүрмийн дагуу олонх нь ирц бүрдүүлснээр шийдвэрийг нь хүчин төгөлдөр гэж үздэг. Юутай ч сонгуулийн үйл ажиллагаа цаг хугацааны хуваарийн дагуу өрнөж байна.
Гэвч энэ нь сонгуулийн санал хураалт товлосон цагтаа болно гэсэн найдвартай баталгаа бас биш. Амьдрал баян. Дэлхий нийтээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй ийм үед зургадугаар сарын 24 хүртэл зай ч байна, лай ч байна гэж болгоомжлоход гэмгүй. Тэгээд ч УИХ-ын тухай хуулийн 9.4-т “Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно” хэмээн зохицуулсан. Харин Үндсэн хуулийн 25.2-т “Дараах онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно” гээд нэгдүгээрт, “улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон”, хоёрдугаарт, Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон” гэж тусгажээ. Мөн 25.3-т нь “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсэж, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно” хэмээсэн байна.
Монгол хүн амныхаа билгээр гэдэг. Хуульд заасан онцгой нөхцөл үүсэлгүй, өвчин зовлон холуур тойрч, ээлжит сонгуулиа товлож, төлөвлөсний дагуу хийх болтугай. Гэвч анхааралгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. Тэр нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэлээд хэдэн заалт Үндсэн хуулийн цэцэд “очиж”, нэг бус гомдол, мэдээлэлд нь үндэслэн маргаан үүсгэчихсэн. Өөрөөр хэлбэл, тэдгээр зүйл, заалтад Үндсэн хуулийн зөрчил байж болзошгүй гэж үзсэн хэрэг. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй” гэж тусгасны “…сонгууль товлон зарлахаас өмнө…” гэсэн заалт нь уг хуулийн 28.3.1 дэх заалтад заасан хугацаатай нийцэхгүй, улмаар Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэдийн ирүүлсэн мэдээллийн дагуу маргаан хянан шалгах ажиллагаа явуулж байна. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.8 дахь хэсгийн “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно”, 72.1 дэх хэсгийн “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж заасны “…эсхүл дутуу…” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх өргөдөл, мэдээллийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгээд байгаа юм. Эдгээр нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн, эсэхийг тогтоох Цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгээд эхэлчихсэн гэсэн үг.
Ер нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэх 10 гаруй өргөдөл Цэцэд ирээд байсан юм. Мөн уг хуульд нийцүүлэн баталсан УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоол ч Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэж нэр бүхий хуульчид Цэцэд хандсан. Харин эдгээрийн дийлэнх нь авлига, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлж байсан хүний нэр дэвших эрхийг хязгаарласан агуулга бүхий заалттай холбоотой. Нэг хуулийн хүрээнд, тэр тусмаа ганцхан заалтыг “мэрж” Цэцэд хандсан ийм олон тохиолдол бараг үгүй аж. УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Н.Энхбаярын” гэх албан бус тодотголтой нэг заалт бий нь энэ бөгөөд үүнд холбогдуулан маргаан үүсгэсэн нь сонирхол татаж байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дахин нэр дэвшүүлэхгүйн тулд сонгуулиас наана хуралдахгүй, шийдвэр гаргахгүй юм биш биз дээ, халдварт вирусийн тархалтыг хянах зорилгоор тогтоосон хөл хориогоор далимдуулан хуралдаанаа хойшлуулж, эрх баригчдад үйлчлээд байгаа юм биш үү гэх мэт хардлага, шүүмжлэл ч хөвөрч буй нь сонирхол татах шалтгаан болж байгаа гэхэд болно.
Тэгвэл сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагаагаа тавдугаар сарын 10-наас эхлүүлж, долоо хоногийн дотор дуусгах ёстой. Тэр үед Цэц УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.8 дахь хэсгийн “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэх заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэх талаарх дунд суудлын хуралдаанаа хийсэн байх уу. Хийлээ гэхэд ямар шийдвэр гаргах бол. Магадгүй УИХ-ын эл заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзвэл УИХ Н.Энхбаяр гэх мэт “хэлмэгдсэн” хүмүүсийн нэр дэвших эрхийг хуульчлан тогтоож, сонгуульд оролцуулах болов уу.
Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснээс хойш 30 хоногийн дотор хуралдаанд бэлтгэдэг. Харин маргаан нь ээдрээ, төвөгтэй бол уг хугацааг сунгаж болно. Ийн хуульд заасан хугацааны талаарх боломжит хувилбараар тооцож үзвэл Н.Энхбаяр нэр дэвших, эсэхтэй холбоотой эхний шийдвэрийг Цэц гаргахад хоёр сар хэрэгтэй болох нь. Үнэхээр ч иргэн А.Кадырбек гэхэд л УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлагдмагц Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг. Тэрбээр Н.Энхбаяртай холбоотой гэгдэх эл заалт Үндсэн хууль зөрчиж байна хэмээн анх Цэцэд хандсан иргэн юм. Тэр мөчөөс тооцвол түүний мэдээллийг хэлэлцэлгүй бараг гурван сар болох гэж байгаа нь энэ. Цаашлаад Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх, эсэх нь эргэлзээтэй. Хэрэв УИХ-ын уг шийдвэрийг хүлээн авахгүй бол Цэц их суудлын хуралдаан хийх шаардлагатай. Энэ бүгдийг тооцвол эцсийн шийдвэр гарах хугацаа сонгуулийн дараа буюу шинэ УИХ хэдийн бүрдсэн хойно байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ вирусийн тархалттай холбоотойгоор тогтоосон хориглолт, хязгаарлалтын хугацаа энэ сараар дуусгавар болбол Цэц ирэх сарын эхээр хуралдахгүй гэх газаргүй. Улмаар УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэлсний дараа Цэцийн аливаа шийдвэрийг парламент хэлэлцэж болох юм.