Нийгэм
Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын хэрэгжүүлж байгаа бодлого нь цаг үедээ таарсан, хамгийн зөв гэж ОУВС дүгнэсэн
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлэх эдийн засгийн бодлогын талаарх зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Үүнтэй холбоотойгоор тус хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгчөөс гадна Монголын банкны холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ оролцжээ. Хуралдааны талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Монголбанкны бодлого Засгийн газрынхтай нийцэж байгаа. Арилжааны банкуудын хувьд төр, засгаас явуулж байгаа бодлогыг ойлгож, аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудтай уялдуулан уян хатан шийдвэр гаргаж, тодорхой өөрчлөлт хийхээр төлөвлөснөө хэлсэн. Удахгүй албажуулж, ямар нэг шийдвэр гаргах байх. Жишээ нь, зээлээ хугацаанд төлөөгүй тохиолдолд авдаг арга хэмжээнүүдээ эргэж харъя гэж байгаа юм. Нэгэнт арилжааны банкуудын ажиллах нөхцөл, боломжийг төр, засгийн зүгээс бий болгоод өгчихлөө. Арилжааны банкуудын өмнөөс тэгнэ, ингэнэ гэж би хэлж чадахгүй. Бид тэдний үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Тэд ч бас бизнес хийж байгаа учраас өөрсдөө шийдвэр гаргах байх. Энэ нь бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд тодорхой дэмжлэг болно гэдэгт найдаж байна. Үүнээс гадна Санхүүгийн зохицуулах хороо холбогдох шийдвэрүүдээ гаргах байх.
Зээлийг арилжааны банкуудаас гадна банк бус санхүүгийн байгууллага олгож буй. Тиймээс элдэв төлбөр, хураамж, шимтгэл авахгүй байх, хугацаа сунгасан зээлүүдэд хамаатай нэмэгдүүлсэн хүүгээ тэглэх, алданги тооцохоос татгалзах зэрэг арга хэмжээ авахаар нэр бүхий ББСБ-уудтай ярьж байна. Нөгөө талаас бусад орон төсвийн бодлогоо өөрчилж, зардал нэмэх чиглэл баримтлах болсон. Манай зарим хүн ч төсвийн зардлыг хасахыг шаардаж байгаа. Үүнийг Сангийн сайдын хувьд би хэзээ ч хийхгүй. Бодлого маань хэвээрээ. Агшиж байгаа эдийн засгийг улам танаад эхэлбэл цар хүрээ, хэмжээ нь хумигдах учраас өндөржүүлсэн бэлэн байдалтай энэ үед зарим хүний шаардаад байгаа бодлогыг хэрэгжүүлж болохгүйг дахин хэлье. Одоогийн нөхцөлд улс, орнуудын хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогыг ОУВС судалж, харьцуулсан байна лээ. Энэ талаарх тайланд Монгол Улсын хэрэгжүүлж байгаа бодлого нь цаг үедээ таарсан, хамгийн зөв арга хэмжээ болохыг дурдсан байна. Тиймээс иргэд сандарч, дэлгүүр лүү гүйлдэх хэрэггүй. Мөн Монголбанк, Сангийн яам хамтран арилжааны банкуудын активын ангиллыг тогтоосон журмыг өөрчлөх чиглэлд судалгаа хийж байгаа” гэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчид зарим зүйлийг тодруулав.
-Зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах талаар ярьсан уу?
-Монголбанк бодлогын хүүгээ буулгасан. Үүнээс гадна арилжааны банкуудад заавал байх нөөцийн хэмжээг буурууллаа. Мөнгөний бодлогоо уян хатнаар хэрэгжүүлэхээр болсон. Засгийн газар бараа, үйлчилгээний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд нийгмийн даатгал, татвартай холбоотой тодорхой арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Засгийн газрын хуралдаанд банкуудын төлөөлөл оролцсон учраас удахгүй тодорхой хэмжээний арга хэмжээ авах байх. Тэдний өмнөөс ямар нэг тайлбар хийх боломжгүй ч зээлийн хүүг төлж чадахгүй тохиолдолд алданги, хүүгийн төлбөрийг эргэж харах чиглэлд арга хэмжээ авна гэж найдаж байна.