Нийгэм
Хандиваар цугласан 303 сая төгрөгийг БНХАУ-ын ЭСЯ-нд гардууллаа
Засгийн газраас анх зарласан “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аяны хүрээнд цугласан 303 сая 664 мянган төгрөгийн хандивыг өнөөдөр /2020.03.13/ Гадаад харилцааны яаманд Хятадын Элчин сайд Цай Вэньруйд гардуулж өглөө.
Монгол Улсын Засгийн газраас “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хандивын аяныг хоёрдугаар сарын 18-ны өдөр зарлаж, хандивын данс нээснийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар мэдэгдэж байсан билээ.
ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ БНХАУ-ЫН ТАЛТАЙ ХАМТЫН ХҮЧЭЭР ШИЙДНЭ
Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР:
-Хятадын Засгийн газар, ард түмэн корона вирусийн халдварын эсрэг далайцтай, нөр их тэмцэл өрнүүлсний үр дүнд шинээр өвчилж байгаа болон нас барсан хүний тоо эрс буурсан. Өвчлөлийн байдлыг богино хугацаанд хяналтад авч, ялж чаддаг гэдгийг дэлхий дахинд харуулж байна. Хятад улсын хүнд үед Монгол Улс, Монголын ард түмэн үргэлж хамт байсныг энд бас дурдъя. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, Монголын ард түмнийг төлөөлж мөнхийн хөрш Хятадын ард түмэнд хүндэтгэл үзүүлсэн. Нөгөөтэйгүүр манай хоёр орны харилцаа дэлхий дахинд үлгэр жишээ болсныг харуулсан гэж үзэж байгаа.
Монголд коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрсэнд харамсалтай байна. Гэвч бид энэ өвчлөлийг хамгийн бага гарз хохиролтойгоор даван туулахын төлөө тэмцэж байгаа. Өвчний байдлаас шалтгаалж хоёр талын хамтын ажиллагааны төслүүд зогсч, экспортын орлого мэдэгдэхүйц буурч, улсын төсвийн орлогын буурах магадлал ажиглагдаад байна. Гэвч өвчний байдал намжсаны дараа худалдаа, эдийн засгийн алдагдлыг Хятадын талтай хамтын хүчээр шийдвэрлэх боломж бий гэж найдаж байгаа. Бид БНХАУ-д дэгдээд байгаа коронавирусийн халдвартай тэмцэж буйд дэмжлэг болох зорилгоор “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хандивын аяныг зохион байгууллаа. Энэхүү аянд Монголын ард түмэн, иргэд, аж ахуйн нэгжүүд сайн дураараа нэгдсэн. Аянаас цугларсан мөнгийг өнөөдөр гардуулж өгч байна. Далайд дусал нэмэр болох болтугай хэмээлээ.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хандив өргөсөн бүх иргэддээ баярласнаа илэрхийлсэн юм. “Мөнхийн хөршдөө туслах сэтгэлийн дэмжлэг”-т нийт 188 иргэн, 43 аж ахуйн нэгж хандив өргөн нэгджээ.
БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ТЭМЦЭХ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААГАА УЛАМ САЙЖРУУЛНА
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ЦАЙ ВЭНЬРУЙ:
-“Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аяны мөнгийг гардуулж байгаа та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Монголын ард түмэн маш сайхан сэтгэл гаргаж, харамгүй хандив өргөсөнд баярлалаа. Монголын Засгийн газар Хятад улстай хамтын ажиллагаандаа маш их ач холбогдол өгч байгааг харуулж байна. Манай хоёр орны найрсаг харилцаа хөрш орнуудын үлгэр жишээ харилцааг харуулж байгаа. Бид цаашид бүгдээрээ нийлж, энэ өвчинтэй бүх анхаарлаа төвлөрүүлэн тэмцэх болно. Энэ бол зөвхөн Хятадын ард түмэнд тохиолдож байгаа зүйл биш дэлхий нийтэд тохиолдсон сорил юм. Монголчуудын хэлдгээр айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг. Цаашид Хятадын Засгийн газрын зүгээс энэ өвчинтэй тэмцэх олон улсын харилцаагаа улам сайжруулахын төлөө ажиллах болно. Та бүхэндээ дахин дахин баярлаж байгаагаа илэрхийлье” хэмээлээ.