Нийгэм

“Хэрэглэгчийн утас -115” төлбөргүй ярианы дугаар иргэд, хэрэглэгчдийн гомдлыг хүлээн авна

Нийтэлсэн

Өнөөдөр МУ-ын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, ШӨХТГ-ын дарга Б.Лхагва болон бусад холбогдох албаны хүмүүс, удирдлагууд “Хэрэглэгчийн утас -115” -ны албан ёсны нээлтийг хийлээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2016 оны 12 дугаар сард иргэд, хэрэглэгчдэд мэдээ, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, бусад аж ахуй эрхлэгчдийн хэрэглэгчийн үйлчилгээний төвүүдтэй нэгдсэн системд холбогдох, мөн хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх оновчтой механизмыг бүрдүүлэх зорилгоор “Хэрэглэгчийн мэдээллийн 1284” төвийг байгуулж байсан.

Тус төв нь үүсэн байгуулагдсанаас хойш буюу 2017-2020 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 8469 иргэд, хэрэглэгчийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг 1800-1284 утсаар болон биечлэн хүлээн авч шуурхай шийдвэрлэн 96 090 500 төгрөгний мөнгөн хохирлыг барагдуулан ажиллаж байна.
Олон улсын хэрэглэгчийн өдрийг угтан бид бүхэн “Хэрэглэгчийн мэдээллийг төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлж иргэд, хэрэглэгчиддээ улам илүү хүрч ажиллах үүднээс “Хэрэглэгчийн утас -115” төлбөргүй ярианы дугаарыг албан ёсоор ажиллуулж байна.

Иргэд, хэрэглэгчид, аж ахуйн нэгж, байгууллагууд “Хэрэглэгчийн утас-115” дугаарлуу ямар ч харилцаа холбооны операторын дугаараас үнэ төлбөргүйгээр ШӨХТГ-ын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд буюу худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн буруутай үйл ажиллагаа, зах зээлийн шударга бус өрсөлдөөн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төрийн чансаа тогтоох, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тарааснаас, өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулах, тендерийн баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гаргасан зэрэг асуудлаар гомдол, санал гаргах боломжтой юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлаар хамтарч ажиллахад хэдийд ч бэлэн байх болно.

УТАС: 1800-1284, “Хэрэглэгчийн утас -115”

 

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН
ТӨЛӨӨ ГАЗАР

Exit mobile version