Эдийн засаг

Улсын дундаж цалин 1.242 мянган төгрөг болжээ

Нийтэлсэн

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт 42.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 679.8 мянган ажиллагчид хамрагдсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 (3.8хувь) мянгаар, өмнөх улирлаас 141  (0.3хувь)-ээр тус тус өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 27.5 (4.2хувь) мянгаар өсөж, өмнөх улирлаас 5.6 (0.8хувь) мянгаар буурчээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчдын 103.7 (15.3хувь) мянга нь боловсролын салбарын, 83.6 (12.3хувь) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын, 77.0 (11.3хувь) мянга нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын, 70.3 (10.3хувь) мянга боловсруулах үйлдвэрлэлийн салбарын, 45.3 (6.7хувь) мянга нь барилгын салбарын, 43.7 (6.4хувь) мянга нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын, 40.2 (5.9хувь) мянга нь уул, уурхай олборлолтын салбарын, 40.2 (5.9хувь) мянга нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарын, 28.3 (4.2хувь) мянга нь cанхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарын, 24.3 (3.6хувь) мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарын, 18.1 хувь нь бусад салбарын ажиллагчид байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 4 дүгээр улирлын тайланд хамрагдсан 679.8 мянган ажиллагчдын медиан цалин 905.0 мянган төгрөг байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 122.4 (10.9хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 76.3 (6.5хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 122.4 (10.9хувь) мянган төгрөгөөр өсөхөд:

  • Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 139.8 (18.8хувь) мянган төгрөг,
  • Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 163.7 (17.5хувь) мянган төгрөг,
  • Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 427.2 (17.1хувь) мянган төгрөг,
  • Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 181.5 (16.3хувь) мянган төгрөг,
  • Ус хангамж; бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарынх 115.1 (14.2хувь) мянган төгрөг,
  • Урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх 102.9 (14.2хувь) мянган төгрөг,
  • Боловсролын салбарынх 121.2 (13.8хувь) мянган төгрөг,
  • Мэдээлэл, холбооны салбарынх 149.6 (13.6хувь) мянган төгрөг,
  • Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарынх 124.2 (13.5хувь) мянган төгрөг,
  • Барилгын салбарынх 148.2 (13.2хувь) мянган төгрөг,
  • Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарынх 101.9 (12.5хувь) мянган төгрөг,
  • Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарынх 185.8 (11.9хувь) мянган төгрөг,
  • Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 144.8 (11.2хувь) мянган төгрөг,
  • Бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарынх 100.7 (11.0хувь) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2019 оны 4 дүгээр улиралд 2010 оны 4 дүгээр улирлаас 3.3 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 69.5 хувиар нэмэгджээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагчдын 62.7 (9.2хувь) мянга нь 320000 төгрөг хүртэлх цалинтай, 79.1 (11.6хувь) мянга нь 320001-500000 төгрөгийн цалинтай, 196.0 (28.9хувь) мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай, 159.3 (23.4хувь) мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай, 47.3 (7.0хувь) мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай, 135.4 (19.9хувь) мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 740.6 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 974.2 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 1.1 сая төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.3 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.7 сая төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл, Баруун бүсэд 838.9 мянган төгрөг, Зүүн бүсэд 951.2 мянган төгрөг, Хангайн бүс болон Төвийн бүсэд 1.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 145.6-403.8 (11.7хувь-32.5хувь) мянган төгрөгөөр бага байна.

Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 123.2 (9.9хувь) мянган төгрөгөөр их байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 900001-1300000 төгрөгийн цалинтай ажиллагчид 8.5 мянгаар, 1300001-1500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 5.8 мянгаар, 1500001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 12.8 мянгаар нэмэгдсэн бол 320000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 5.0 мянгаар, 320001-500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 14.0 мянгаар, 500001-900000 төгрөгийн цалинтай ажиллагчид 13.7 мянгаар буурчээ.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газар болон хувьцаат компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.5 сая төгрөг, хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 99.4-243.0 (8.0хувь-19.6хувь) мянган төгрөгөөр их байна.

Харин орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдынх 924.5 мянган төгрөг, төрийн бус байгууллагад ажиллагчдынх 982.0 мянган төгрөг, төсөвт байгууллагад ажиллагчдынх  1.0 сая төгрөг, хоршоонд ажиллагчдынх 577.6 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 222.2-665.1 (17.9хувь-53.5хувь) мянган төгрөгөөр бага байна.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр, ажил мэргэжлийн ангиллаар авч үзвэл, төрийн өмчит үйлдвэрийн газрын менежерийн сарын дундаж цалин 1.5 сая төгрөг, хувьцаат компани болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн менежерийн цалин 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 58.2-205.9 мянган төгрөгөөр их байна.

Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын менежерийн цалин 885.6 мянган төгрөг, төсөвт байгууллагынх 1.1 сая төгрөг, төрийн бус байгууллагынх 1.0 сая төгрөг байгаа нь менежерийн улсын дундаж цалингаас 205.1-435.5 мянган төгрөгөөр бага байна.

Түүнчлэн бусад ажил мэргэжлийн хувьд байгууллагын хариуцлагын хэлбэрээс хамаарч ажиллагчдын сарын дундаж цалин ялгаатай байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.9 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 774.6 мянган төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар техникч болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.5 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 688.5 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

Exit mobile version