Covid-19

Коронавирусийн вакцин бүтээхээр ажиллаж байгаа Германы эрдэмтдийг АНУ урвуулах гэж оролджээ

Нийтэлсэн

Шинэ коронавирусийн вакциныг бүтээхээр ажиллаж байгаа Германы эрдэмтдэд АНУ-ын засаг захиргаа их хэмжээний мөнгө амлаж, бүтээлийг нь онцгой давуу эрхтэй эзэмших гэж оролдсон тухай мэдээллийг Герман улсын засгийн газар баталжээ.

Тус улсын “WELT am Sonntag” сонины мэдээлснээр вакцин гаргахаар ажиллаж байгаа Германы CureVac компанид Дональд Трампын засаг захиргаанаас их хэмжээний мөнгө амласан байна.

CureVac компани нь Германы засгийн газрын эзэмшилд байдаг Вакцин, Био Эмчилгээний Пол Эхрлихийн Хүрээлэнтэй хамтран Covid-19 вирусийг эмчлэх эм гаргахаар шаргуу ажиллаж байгаа ажээ.

Гуравдугаар сарын 15-нд гаргасан мэдэгдэлдээ CureVac компани өөрийнх нь технологийг гадаад орноос худалдаж авах гэсэн ямар нэг оролдлого гараагүйг мэдэгдсэн байна.

Харин Германы засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр тус компанийн вакциныг зөвхөн АНУ-д хэрэглэх онцгой эрхийг Трампын засаг захиргаа олж авахын тулд нэлээд мөнгө амлаж, ихээхэн хүчин чармайлт гаргасан гэнэ.

Берлиний эрх баригчид энэ явдлын дараа компанийн бүтээгдэхүүнийг гадаадад алдахгүйн тулд санхүүгийн дэмжлэг, урамшууллаа нэмэгдүүлсэн тухай “WELT am Sonntag” сонин тус улсын эрүүл мэндийн яамны эх сурвалжаас олж мэдээлжээ.

Дараа нь Германы эрүүл мэндийн яамны албаны эх сурвалж сонинд гарсан мэдээлэл үнэн болохыг баталсан байна.

CureVac компанийн удирдлагын мэдээлснээр тус компанийн вакцины туршилтын хувилбар ирэх зургаа, долдугаар саруудын нэгэнд бэлэн болж, хүн дээр турших эрхээ авах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Германы улс төрч, анагаах ухааны профессор Карл Лаутербах сонинд гарсан мэдээлэлтэй танилцсаныхаа дараа “Шинэ вакциныг зөвхөн АНУ онцгой эрхтэй эзэмших гэсэн оролдлогыг бүх аргаар таслан зогсоох хэрэгтэй. Капитализмд бас хил хязгаар байх ёстой” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Business Insider

Exit mobile version