Нийгэм

БНХАУ руу хувийн хэргээр зорчих монгол иргэдийг улсын хилээр НЭВТРҮҮЛЭХГҮЙ

Нийтэлсэн

Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д гарсан коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар  хоорондын хэлэлцээр”-ийн 7 дугаар зүйлд заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийх шийдвэр гаргалаа.

Үүнтэй холбогдуулан маргаашнаас буюу 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд дараах хязгаарлалтыг хийжээ.

Үүнд:

Монгол Улсын иргэд:

1. Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар БНХАУ руу албан ажлаар болон тус улсаар дамжин гуравдагч улс руу зорчих иргэдийг албан байгууллагын шийдвэр, томилолт, аяллын тийз, хөтөлбөрийг үндэслэн;

– Хятадын талд автомашинаа орхисон нүүрс тээврийн жолооч нарыг харъяалах аж ахуйн нэгж, компанийн албан бичгийг үндэслэн;

– Эрдэс баялаг (нүүрс, зэсийн баяжмал, газрын тос, төмрийн хүдэр, жонш)-ийн тээврийн авто машинуудын зөвхөн үндсэн жолоочийг тус тус улсын хилээр нэвтрүүлнэ.

2. Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар БНХАУ руу хувийн хэргээр зорчих монгол иргэдийг улсын хил нэвтрүүлэхгүй.

Гадаадын иргэд:

1. Монгол Улсаас БНХАУ руу зорчих гадаадын иргэдийг хилийн бүх боомтуудаар улсын хилээр нэвтрүүлнэ.

2. Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор зорчих буюу жуулчны “J” ангиллын визтэй хятад болон гуравдагч орны иргэдийг Монгол Улсын агаарын замын “Буянт-Ухаа” боомт болон төмөр замын “Замын-Үүд” боомтоос бусад боомтоор нэвтрүүлэхгүй.

3. Монгол Улсад зорчих “J” ангиллаас бусад ангиллын визтэй хятад болон гуравдагч орны иргэдийг хоёр улсын хилийн боомтуудаар хэвийн нэвтрүүлнэ.

Жич: Монгол, Хятадын хилийн боомтууд хэлэлцээрт заасан цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд хилийн боомтуудыг хааж, түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг зогсоохгүйгээр зөвхөн дээр дурдсан хязгаарлалтуудыг хийж байгаа болно.

 

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар

Exit mobile version