Энтертайнмент
Германы хөлбөмбөгийн шигшээгийн тамирчид 2.5 сая евро хандивлалаа
Германы хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид улс оронд нь нүүрлээд буй covid-19 цар тахлын эсрэг үйл ажиллагаанд 2.5 сая евро хандивлажээ. Энэ тухай Германы хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Мануэль Нойер өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ ” Бид энэ хэцүү цаг үед бие биенийгээ харж халамжлах хэрэгтэй. Үндэсний шигшээ баг дотроо ярилцаад одоо л сайн үйлсийн аянд хандив өгөх нь зөв юм байна гэсэн шийдвэрт хүрсэн” хэмээжээ.
Түүний адилаар Байерн Мюнхен багийн Жошуа Киммих, Леон Горетзка болон Боруссиа Мюнхенгладбах багийн Маттиас Гинтер нар өөрсдийн цахим хуудсаараа энэ тухай мэдээлсэн. Тэднээс гадна Манчестер Сити багийн Илкай Гюндоган, Реал Мадрид багийн Тони Кроос, Барселона багийн Марк-Андрэ тер Штеген нар мөн хандив өгчээ.
Германы хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн дарга Оливер Биерхофф өчигдөр/2020.03.18/ хэвлэлийн хурлын үеэр “Бид хандив өгөх тал дээр нэг баг шиг байхыг хүссэн. Санаснаар ч болж тамирчид маань энэ тал дээр хурдан шийдэлд хүрсэн” хэмээжээ.
Мөн бусад тамирчид хандив өгөөгүй ч гэсэн өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан “Wir Helfen” хэмээх Германы сайн үйлсийн байгууллагад хандив өгөхийг хүмүүст уриалж байгаа ажээ.