Covid-19
УОК:Тусгаарлах байранд байгаа иргэдэд 14 хоногт нэг удаа эргэлт оруулахаар болов
Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас ээлжит мэдээллээ танилцуулж байна.
Тусгай үүргийн нислэгээр гадаад улсаас нийт 986 иргэнийг авчирсан. Дөрөвдөх удаагийн тусгай нислэг буюу Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц өнгөрсөн шөнө 01:00 цагт буусан. Нислэгээр ирсэн 252 иргэн болон нисэх багийн 15 хүн буюу нийт 267 хүнийг хүлээн авч биеийн байдлыг хянаж, тусгаарлах байранд хуваарилан байрлуулах ажиллагааг үүрийн 04:00 цаг хүртэл хийж гүйцэтгэлээ.
Мөн 11 боомтоор 557 тээврийн хэрэгслээр орж ирсэн 332 монгол иргэнийг тусгаарлаад байна.
Тусгаарлах байранд байгаа иргэдийн санал хүсэлтийг үндэслэн 14 хоногт нэг удаа 10:00-16:00 цагийн хооронд эргэлт оруулахаар боллоо. Эргэлтээр оо сойз, ариун цэвэр, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг оруулна гэв.