Дэлхий
Долоон жилийн өмнө хүчингийн хэрэг үйлдсэн дөрвөн этгээдийг өнөөдөр өглөө Энэтхэгт дүүжилжээ
2012 оны арванхоёрдугаар сард Энэтхэгийн нийслэл Дели хотод нэгэн жигшүүрт хүчингийн хэрэг гарч, тус улсын нийгмийг төдийгүй дэлхий нийтийг цочроож байсан юм. Энэ хэргийн дараа Энэтхэгт эмэгтэйчүүдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах асуудал хурцаар яригдах болсон байна.
Тэгвэл уг хэргийг үйлдсэн дөрвөн этгээдийг өнөөдөр өглөө үүрээр нийслэлийн ойролцоох Тихар шоронд дүүжилсэн байна. Цаазын үеэр шоронгийн гадна хохирогчийн төрөл төрөгсдөөс гадна эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч олон мянган хүн цугларсан тул хэдэн зуун цагдаагийн албан хаагч дэг журам сахиулжээ.
2012 оны арванхоёрдугаар сарын 16-ны шөнө Дели хотын гудамжаар явсан автобусан дотор уг хэрэг гарч, зорчигч 23 настай оюутан бүсгүйг хэсэг этгээд бүлэглэн хүчиндэж байв.
Дараалан хүчиндсэнийхээ дараа гэмт этгээдүүд хохирогчийг замын хажууд хаясан бөгөөд эмэгтэй хоёр долоо хоногийн дараа Сингапурын эмнэлэгт нас баржээ.
Тухайн үед нийт зургаан этгээдийг баривчилж байв. Тэдний нэг Рам Сингх 2013 оны гуравдугаар сард шоронд амиа хорложээ.
17 настай нэг хэрэгтэн нь гурван жил засан хүмүүжүүлэх ангид хоригдсоныхоо дараа 2015 онд суллагдсан юм. Энэтхэгийн хуулиар насанд хүрээгүй хүн дээд тал нь гурван жил хоригдох ёстой байдаг.
Хэрэг үйлдэх үедээ фитнесийн багш, автобус цэвэрлэгч, жимсний худалдаачин, ажилгүй байсан дөрвөн этгээд өнөөдөр цаазлуулж байна.
2013 онд болсон шүүх хурлаас тэдэнд цаазын ял оноож, 2017 онд дээд шүүх ялыг хэвээр үлдээсэн юм.
Дараа нь Энэтхэг улсын ерөнхийлөгч гэмт хэрэгтнүүд өршөөл гуйсныг хүлээж аваагүй байна. Тус улс нь эмэгтэй хүн болж төрөхөд хамгийн муу улсуудын тоонд байнга нэрлэгддэг. 2018 оны байдлаар Энэтхэг даяар 15 минут тутамд нэг эмэгтэй хүчиндүүлсэн гэх тоо баримт бий.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид засгийн газрын тоо баримтыг бодит байдлаас нэлээд зөрүүтэй гэж үздэг.
Эх сурвалж: Reuters