Нийгэм

Боловсролын сайдыг тавлах хэрэггүй

Нийтэлсэн

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг алслагдсан хөдөө орон нутгийн 12 дугаар ангийн сурагчдад зориулж, элсэлтийн ерөнхий шалгалтын зөвлөмж, тест хичээлийн даалгаврыг нь CD-гээр хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн нь амьдрал мэдэхгүй нэг хэсгийнхний амны зугаа болж, техникийн дэвшлээс хоцрогдсон сайд гэж тавлуулж эхлэв.

Үнэндээ бол Монголын алслагдсан хөдөөд ухаалаг утас барьж байгаа иргэд олон ч интернэтгүй орчинд олонх нь амьдардаг. Уулын мухарт амьдарч байгаа малчид битгий хэл суманд амьдардаг иргэдийн олонх нь интернэтгүй. Телевизээр дамжуулж, мэдээлэл авч байна.

Улаанбаатар хотын гэр хороололд ч интернэтгүй өрх айл олон бий. Тэдэнд интернэтэд мөнгө төлөхөөс илүүтэй бор хоногийнхоо хоолыг тасалчихгүй амьдрахын төлөө л тэмцэл өрнөдөг. Ийм айл өрхөд CD тоглуулах төхөөрөмж ч байхгүй байхыг үгүйсгэх аргагүй.  Харин малчдын хувьд  CD, DVD тоглуулагчтай байх нь элбэг. Ямааныхаа ноолуурыг зарж борлуулсныхаа дараа аймгийнхаа зах, худалдааны төвүүдээс авдаг электрон барааных нь нэг нь CD, DVD. Хэдийгээр энэ хавар малчин өрхийн хэдэн хүүхэд 12 дугаар анги төгсөх вэ гэдэг тоо нарийн гараагүй байгаа ч салбарынх нь сайдын элсэлтийн ерөнхий шалгалтын зөвлөмж, тест хичээлийн даалгаврыг нь CD-гээр хүргүүлэх мэдээ сурагчдыг төдийгүй эцэг, эхчүүдийн магнайг тэнийлгэж эхэлсэн байна лээ шүү.

Exit mobile version