Дэлхий

Ангела Меркел ба коронавирус: “Байдал ноцтой байна”

Нийтэлсэн

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель коронавирусийн халдварын байдал Германд ямар байгаа талаар ард иргэддээ хандан үг хэлсэн. Канцлер Меркелийн хэлсэн үгний гол мессежүүд юу байв, вирусийн халдвар Германд ямар байгаа талаар Фридрих Эбертийн сангийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Др. Нийлс Хегевиш news.mn-д бичиж ирүүлжээ.

Монгол улс болон Aзийн бусад оронд коронавирусийн тархалт пандемик хэлбэрт шилжиж болзошгүй хэмээн сэрэмжилж нийтийг хамарсан арга хэмжээнүүдээ бараг бүгдийг цуцлаад байхад энд Германд мянга мянгаараа нэг танхимд цугларч шахцалдан зогсоод юу ч болоогүй мэт багт наадмаа тэмдэглэж байлаа. Хоёрдугаар сарын сүүлээр коронавирусийн эхний тохиолдлууд Германд бүртгэгдэж эхэлснээс хойш тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж жаахан сүржин хэлэх юм бол нөхцөл байдал цаг тутамд хурцадсаар байна. Долоо хоног тутмын “Билд” сонин албан ёсны бүх мэдээллийг нэгтгэж гуравдугаар сарын 18-ны орой мэдээлсэн бөгөөд Covid-19-ийн 12 223 батлагдсан тохиолдол буртгэгдэснээс 99 нь бүрэн эдгэрсэн 31 хүн нас баржээ.

Халдвар авагсдын тоо өдөрт ойролцоогоор 30 хувиар нэмэгдэж байна. Эмнэлгүүд бөөн бөөнөөрөө хүргэгдэн ирэх өвчтөнүүдийг хүлээн авах бэлтгэлээ хангаж, хүнсний дэлгүүрүүд харсан бүхнээ хуу хамах худалдан авагчдын хөлд дарагдаж байна. Энэ хооронд эрдэмтэд болон Засгийн газар эпидемик тархалтыг зогсоож, халдвар авагсдыг бүгдийг нь тусгаарлаж дийлэхгүй гэдэгтэй эвлэрээд байна. Иймээс вакцин гарган авах, эмчилгээ, судалгаанд цаг хожих, улмаар эрүүл мэндийн системд ирэх хэт ачааллыг бууруулахын тулд шинээр халдвар авагсдын тоог бууруулахад бүх арга хэмжээ чиглэгдэж байна Герман улс хэдийгээр сайн, дэлхийд тэргүүлэгч эрүүл мэндийн системийн нэг ч асар богино хугацаанд хэдэн зуун мянган өвчтөнг нэгэн зэрэг хүлээн авахад хүчин чадал нь хүрэлцэхгүйд хүрнэ.  Болзошгүй аюулыг холбооны Засгийн газар хэр өндөр түвшинд үнэлж байгааг Засгийн газрын тэргүүн Ангела Меркел 14 жил канцлерын албыг хаших хугацаандаа анх удаа ард түмэндээ хандаж телевизээр үг хэлж байгаагаас харж болно. Ажиглагчид түүний хэлсэн үгийг өнгөрсөн 14 жилийн хугацаанд хэлсэн үгээс нь хамгийн чухал магадгуй хамгийн сайн нь байлаа хэмээн дугнэж байна. Канцлер олноо танигдсан хувь хүний мөн чанарынхаа эсрэг драматик буюу ноцтой үгсийг харамгүй хэрэглэсэн юм. Тэрбээр ирэх долоо хоногууд, ирэх сарын хугацаанд бүх хүмүүсийн амьдрал үндсээрээ өөрчлөгдөх болно гэдгийг тодорхой хэлсэн юм. Хүүхдүүд сургуульдаа явахгүй, насанд хүрэгчид ажилдаа явж чадахгүй, чөлөөт цагаа гэртээ өнгөрөөнө гэдэгт бэлтгэлтэй байхыг анхааруулав. Меркел байдал ноцтой байна, иймээс та бухэн ноцтойгоор хүлээн ав хэмээн германчуудад уриалсан юм. Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тоо томшгуй олон илтгэл тайланг түгээж, тэдгээрийн дагуу ялангуяа том хотуудад карантиний дүрэм журам, эрүүл мэндийн зөвлөмжүүд зөрчигдөөд байгаа учраас Меркел үүнийг маш тодорхой хэлсэн юм.

Хаврын нарлаг сайхан өдрүүд ирж, гадаа цэцэрлэг дэх пивоны газрууд, паркууд дуурэн байлаа. Клубууд, хувийн орон сууцнуудад хүмүүс шөнө бүр коронагийн баяр тэмдэглэж байлаа. Хэдийгээр хэдэн өдрийн өмнөөс корона вирусын тархалтын аюулыг бууруулахын тулд хүмүүс нэг дор олноороо цугларч болохгүй гэдгийг сануулсан боловч хүмүүс үл ойшоосоор байлаа. Герман зэрэг хангалуун чинээлэг орнуудын өмнө нь хямрал үзээгуй олон иргэд сануулгыг үл тоон салхинд хийсгэсээр байлаа. Тэд Германд эрүүл мэндийн дааж давшгүй хямрал нүүрлэх аюултай гэдгийг төсөөлж ч чадахгүй байсан. Сүүлийн өдрүүдэд засгийн газар арга хэмжээ авч, дүрэм журмуудаа чангатгалаа. Энэ хооронд Германы олон нийтийн өдөр тутмын амьдрал ихээхэн хязгаарлагдаад байна.

Меркел ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ ардчилалд урт хугацаанд хохирол учруулахгүйгээр нийтийг хамгаалахын тулд олон нийтийн амьдралыг урьд өмнө хязгаарлаж байгаагүй хэмжээнд хязгаарлах ёстой болоод байгаа нь эрх чөлөөт ардчилсан нийгмийн өмнө магадгүй урьд өмнө нь тохиолдож байгаагуй хамгийн том сорилт юм гэдгийг олонтаа анхааруулан сануулж байлаа. Хүн бүр өөрийнхөө болон хамт байгаа хүмүүсийнхээ өмнө хариуцлагаа хулээж чадсан нөхцөлд л вирусын эсрэг тэмцэлд ялж чадна гэдгийг Меркел онцлон тэмдэглэсэн. “Төрийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд иргэд хувийн хариуцлагаа ухамсарласан нөхцөлд л үр дүнд хүрнэ. Төр хувь хүн бүрийн хариуцлагыг өмнөөс нь хүлээх боломжгүй. Вирусийн эсрэг хийх тэмцэлийг би хийхгүй ч байсан болно гэдэг бодлыг бүх хүн толгойноосоо авч хаях ёстой. Хувийн хүчин чармайлт чухал” гэдгийг Меркел хэллээ.

Нэн чухал бус, биечлэн хийх уулзалтуудаас аль болохоор татгалз. Настайчуудыг онцгойлон хамгаал. Ингэж чадахгүй бол хайртай дотны хүмүүсээ алдах аюул гэр бүл бүрт тулгарах эрсдэлтэй байна. Меркел уриалгаараа ардчилсан нийгмийн эрх чөлөөт иргэдийн хувь хүний хариуцлагад хандаж улмаар сануулга өглөө. Тэрбээр үүнийг үг үсэгчлэн хэлээгүй ч ойлгомжтой хэлсэн. Хэрвээ цаашид Засгийн газар болон эмч нарын амьд үлдэхэд зайлшгүй хэрэгтэй зөвлөмжүүдийг үл тоомсорлох хүмүүсийн тоо буурахгуй бол авах арга хэмжээг чангаруулах болно. Эцсийн үр дүнд нь Итали, Испани, Францын нэгэн адил гэрээсээ гарахыг хориглох хатуу арга хэмжээ авах хэрэгтэй болно. Ангела Меркел үүнийг ажил хэрэгч дуу хоолойгоор өөрийн бүх эрх мэдлийн хүрээнд германчуудад анхааруулан хэллээ. Та бүхэн ухаалаг бай! Ухаалаг байж л коронавирусээс эрх чөлөөгөө хамгаалж чадна. Ардчиллаа хамгаалах ардчиллаа хүнд хямралын үед ч хамгаалах нь цэвэр та бүхний хувийн асуудал ч гэлээ хариуцлагатай бай гэдгийг холбооны канцлер хувь хүний амьдралын түүхээсээ жишээ авч тодорхой тайлбарлалаа. 1989-1990 он хуртэл социалист зүүн Германы ГБНУ- ын иргэн байсан тэрбээр эрх чөлөөтэй нийгэмд амьдрахын төлөө тэмцэж байсан хүний хувьд тэмцэж, олсон эрх чөлөөгөө буцааж алдмааргүй байна гэдгээ хэлсэн. Гэхдээ түүний хэлсэн үгийн гол ноён нуруу нь Манай улс бол ардчилсан улс. Бид албадлагын дор амьдардаггүй харин бүгдээрээ хуваалцсан мэдлэг хамтын хүчин чармайлтынхаа үр шимээр амьдардаг. Ирэх долоо хоногууд германчууд канцлерынхаа хэлсэн үгийг сонссон эсэхийг харуулах болно.

Exit mobile version