Нийгэм
Архи айдас дагуулж байна
“Covid-19’’ цар тахлын үед архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллагын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж “00:00” цаг болгосон. Мөн зарим хугацаанд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авсан энэ үед гудамж талбайд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо буурчээ. Гэтэл нөгөө талд ахуйн хүрээнд буюу гэртээ, эсхүл айлд архидан согтуурсны улмаас маргалдаж бусдад хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг зөрчил өсөх хандлагатай байна. Тиймээс ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс болон Хэрэг бүртгэх албанаас “Хайр өвтгөдөггүй” болон “Архигүй орчин” аяныг эхлүүлжээ.
Тус аяны талаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн тасгийн мөрдөгч, Дэслэгч Д.Ялалтаас тодрууллаа.
– Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллагын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Энэ нь хэдийгээр гудамж, талбайд үйлдэгддэг гэмт хэргийн тоог бууруулж байгаа ч архидалт, цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх нэг шалтгаан болж байна гэх мэдээллийг холбогдох албаныхан өгч байна. Танайд байдал ямар байна вэ?
– Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 дугаар захирамжийн дагуу 04 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчилдэг ресторан, баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Оройн 00 цаг хүртэл ажиллах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн судалгааг гаргаж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт 8,4 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Гэвч сүүлийн үед ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг өсөх хандлагатай байна.
– ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс болон Хэрэг бүртгэх албанаас “Хайр өвтгөдөггүй” болон “Архигүй орчин” зэрэг аяныг зарлаад байна. Танай тасгийн хувьд аяны хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ?
– Энэ арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгаас аяныхаа талаар олон нийтэд мэдээлэл өгөхөөс гадна олны танил эрхмүүдийг тус арга хэмжээнд нэгтгэх нөлөөллийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Мөн олон нийтийн газруудад зурагт хуудас тарааж, ахуйн хүрээнд архидан согтуурахгүй байх, гэр бүл, хайртай хүмүүсээ эрсдэлд оруулахгүй байхыг уриалж байна. Учир нь Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг ихэвчлэн согтуурсан үед үйлдэгддэг.
– Тоон үзүүлэлт дурдвал?
– Манай хэлтсийн хэмжээнд 2020 оны эхний хоёр сарын байдлаар Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн нийт 219 өргөдөл гомдол хүлээж авч, холбогдох ажиллагаа явуулж байна. Үүний 109-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэж, 83 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх саналтай хэргийг нь прокурорт шилжүүлээд байна. Өнгөрсөн оны эхний хоёр сарын байдлаар 186 өргөдөл гомдол хүлээж авсанаас 78 хэрэгт нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж, 76 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж ажилласан байдаг. Тэгэхээр 2020 оны тоон үзүүлэлт 2019 оныхоос өссөн үзүүлэлттэй байна. Эдгээр гэмт хэргийн 60-70 хувь нь архидан согтуурсан үедээ үйлдэгдсэн хэргүүд байгаа юм.
– Сэрэмжлүүлэг болгож, архидан согтуурсны улмаас үйлдэгдсэн ноцтой гэмт хэргийн талаар дурдвал?
– Тийм хэрэг гарсан. Мөн саяхан СХД нутаг дэвсгэрт оршин суух нэг гэр бүлийн М Х нар нь архидан согтуурч улмаар маргалдахдаа нөхөр нь эхнэрийгээ хутгалчихаад дараа нь өөрийгөө боомилсон хэрэг гарсан. Тэгэхээр архидалт гэр бүлд ямар хор уршиг тавьж байгааг эндээс дүгнэж болно. Гэр бүлийг айдаст автуулж, амьдралыг нь сүйрүүлж байна шүү дээ.
– Архидалтыг дагаад гэр бүлийн хүчирхийлэл бас нэмэгдэж байна?
– Архидан согтуурсны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх байдал мөн өсч байна. Дуудлагын дагуу манай Нийтийн хэв журам хамгаалах тасгаас хөдөлгөөнт эргүүл очиход, “Аав агсам тавиад байна, нөхөр дарамтлаад байна” гэх мэт дуудлага их байна. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газраас “Хайр өвтгөдөггүй” гээд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нөлөөллийн аян бас давхар өрнүүлж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа хамгийн нэгдүгээр шалтгаан бол архидалт. Тиймээс архигүй орчинд амьдарч, архинаас татгалзая гэж цагдаагийн байгууллагаас уриалж байна.