Дэлхий
Итали улсад коронавирусийн өвчлөлөөр нэг өдөрт нас барсан хүний тоо бараг 800 хүрлээ
Сарын өмнө анхны коронавирусийн халвдар бүртгэгдэж байсан Итали улсад Баасан гарагт 627 өвчтөн нас барсан нь нэг өдөрт хамгийн олон хүний амь эндсэн тохиолдол болж байсан билээ.
Тэгвэл энэ тоо Бямба гарагт дахин нэмэгдэж, 793 хүн нас баржээ.
Нэгдсэн дүнгээр Итали улсад Covid-19 өвчнөөр 4,825 хүн нас бараад байгаа нь дэлхийн аль ч улс оронд байхгүй муу үзүүлэлт болж байна.
Бас шинэ халдварын тохиолдол өчигдөр тус улсад огцом нэмэгджээ.
Баасан гарагт нийт тохиолдлын тоо 47,021 байсан бол Бямба гарагт 53,578 болж нэмэгдсэн байна.
Харьцуулбал коронавирусийн дэгдэлт анх үүссэн Хятад улсад өнөөдрийн байдлаар нийт 81,008 хүн халдвар авч, 3,255 өвчтөн нас бараад байгаа юм. Энэ эрчээрээ Итали улс илэрсэн халдварын тоогоор Хятад улсыг гүйцэж түрүүлэх магадлал өндөр байна.
Италийн хамгийн хүнд нөхцөлд байгаа муж болох Милан хотыг багтаадаг Ломбардид 25,515 халдварын тохиолдол бүртгэгдэж, 3,095 хүн нас барсан байна.
Өчигдөр тус мужийн захирагч Аттилио Фонтана зайлшгүй хангамжийн сувгуудаас бусад бүх бизнесийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.
Иргэдэд гэрээсээ гадагш гарахыг хориглож, задгай орчинд ганцаар биеийн тамирын дасгал хийхийг ч зөвшөөрөхгүй байна.
Италийн Serie A хөлбөмбөгийн лигийн аварга Ювентус клубын захиргаа Аргентины довтлогч Пауло Дибала коронавирусийн халдвар авсныг өчигдөр зарлажээ. Ингэснээр тэр аюулт өвчний халдвар авсан хамгийн дээд зэрэглэлийн тоглогч болж байна.
Эх сурвалж: Reuters