Нийгэм

Туслах малчдыг чадавхжуулах төслийг 4 аймагт хэрэгжүүлнэ

Нийтэлсэн

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2020 оноос “Хүний эрхийн сургалт болон малчдын өөртөө туслах бүлгээр дамжуулж туслах малчдыг чадавхжуулах нь” төслийг Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран хэрэгжүүлж эхэллээ. Европын холбооны дэмжлэгтэй уг төслийг Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймагт хэрэгжүүлнэ. Төслийн ажлын хэсэг өнөөдөр/3.23/ хуралдлаа.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж “Нүүдэлчдийн ахуй соёл ямар чухал ач холбогдолтойг, монголчууд бид үндэсний уламжлал, соёл руугаа эргэн харж, орхигдуулснаа санаж сэргээх, нандигнан дээдлэх үнэт зүйлийг энэ цаг үе улам тод харуулж байна. COVID-19-ийн халдварын тархалт дэлхий нийтийг түгшээж буй энэ нөхцөл байдал ч энэхүү төслийн ач холбогдлыг тодотгож болох юм” гэлээ.

Хүний эрхийн Үндэсний Комисс өнгөрсөн жил “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилт: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд” судалгааг хийсэн. Судалгааны дүн болон бусад мэдээллийг үндэслэн малчдын эрх, эрх чөлөө, тэр дундаа туслах малчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг энэ удаа онцгойлон анхаарч ажиллахаар төлөвлөжээ.

Exit mobile version