Шүүх

Гулнара Каримова авлига, эдийн засгийн гэмт хэргээр дахин ял сонслоо

Нийтэлсэн

Узбекийн Ерөнхийлөгч асан Ислам Каримовын ууган охин /хорих ял эдэлж байгаа/ Гулнара Каримова болон түүний хамсаатнуудад сүүлийн шүүх хурлаар 13 жил 4 сар хорих ял нэмж эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Узбекстаны дээд шүүхээс гуравдугаар сарын 18-нд Каримовад авлига, мөнгө угаах, бусдын эд хөрөнгийг шамшигдуулсан гэмт хэрэг, эдийн засгийн болон бусад гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж бусад таван шүүгдэгч нарын хамт ял сонсгосон талаар мэдээлжээ.

2019 оны гуравдугаар сараас хойш Ташкентийн шоронд хоригдож буй Каримова нэгдүгээр сарын 8-ны өдөр тус шүүх хуралд ирж оролцсон байна.

Тэрээр өнгөрсөн сард Ерөнхийлөгч Шавкат Мирзиявд хандсан захидалдаа түүний шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгвөл улсын төсөвт 686 сая ам.долларыг буцааж өгөх саналтай байгаа талаар дурджээ.

Узбекстаны Улсын ерөнхий прокурорын газраас Гулнара Каримоваг улсын өмчит цементийн хоёр үйлдвэрийн хувьцааг хууль бусаар худалдан авч, түүнийгээ гадны бизнесмэнүүдэд зарсан гэх асуудалтай холбоотой шинэ хэргийн талаар наймдугаар сард мэдэгдэж байсан юм.

Эцгийнхээ өв залгамжлагч гэгдэж байсан 47 настай Каримова Швед болон Швейцар улсад мөнгө угаасан хэрэгт холбогдон шалгагдсан.

Гулнарагийн эцэг улсаа удирдаж байх үедээ 2014 онд түүнийг Ташкент дахь гэрт нь хорионд оруулж байсан. Ислам Каримовыг 2016 онд нас барсны дараа одоогийн ерөнхийлөгч Мирзуиев залгамжилсан билээ.

2017 онд Гулнараг 10 жил хорих ялаар шийтгэсэн ч түүнээс хэдэн сарын дараа ялыг нь таван жилээр богиносгож, гэрийн хорионд байлгахаар шийдвэрлэжээ. 2019 оны гуравдугаар сард гэрийн хорионд байх журмыг зөрчсөний улмаас түүнийг шоронд хорьсон байна.

Мөн түүнчлэн 2019 оны гуравдугаар сард АНУ-ын Хууль зүйн яамнаас Каримоваг олон улсын хээл хахуулийн томоохон сүлжээний нэг хэсэг хэмээж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж буруутгажээ.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

Exit mobile version