Нийгэм

Ногоон ирээдүй төсөл “Харилцаа, хамтын ажиллагаатай“ шилдэг төслөөр шалгарчээ

Нийтэлсэн

JCI байгууллага нь дэлхийн хэмжээнд 120 гаруй орны таван мянга орчим салбар байгууллагад 18-40 насны хоёр зуун мянга гаруй гишүүд, нэг сая илүү дэмжигчдийг нэгтгэсэн эерэг өөрчлөлтийг бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох зорилготой олон улсын байгууллага юм.

JCI Монгол байгууллага нь 15 салбар байгууллага, 1 ажиглагч салбар байгууллага нийт 900 гаруй гишүүд 100 гаруй сенаторуудтайгаар нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр байна.

Үүний нэг болох JCI Их хүрээ салбар байгууллагын хэрэгжүүлдэг “Ногоон ирээдүй” төслийн хүрээнд хэрэгждэг “Нэг цэцэг-Нэг дэлхий”, “Миний мод-Монголын ирээдүй” төсөл нь Улаанбаатар хотын утаа ихтэй дүүргийн сургуулиуд дээр эко орчин бүрдүүлж хүүхэд сурагчдын агаарын орчны бохирдлыг бууруулах сурах амьдрах тухтай орчин бүрдүүлэх болон хүүхдүүдийг байгальд хайртай, хариуцлагатай, эерэг хандлагатай иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор жил бүр сургуулиудад цэцэг бэлэглэдэг юм.

Нэг ангид 10 цэцэг байхад тухайн орчны хүчилтөрөгчийг хангах чадвартай гэж эрдэмтэд үзсэн байдаг. JCI Их хүрээ байгууллага нэг ангид олон сурагч байдаг тул 20 цэцэг буюу нэг сургуульд 500 цэцэг бэлэглэдэг сайхан уламжлал тогтоод 6 жил болж байна.

Анх 2012 оноос хойш хэрэгжсэн уг төсөлд нийт 20 орчим сургууль хамрагдсан бөгөөд огт цэцэггүй байсан зарим сургуулиуд цэцэг ээ төрөлжүүлж тарих болон гаднаа цэцэрлэгт хүрээлэн хийж мод тарьж байгаа сайн нөлөө үзүүлсэн олон сайхан жишээ байна. Мөн JCI Их хүрээгийнхэн энэ төслөөрөө НҮБ-ын тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн “Шилдэг нийгмийн хариуцлагатай төсөл”-өөр JCI дэлхийн байгууллагаас 2015 болон 2016 онуудад шагнал хүртсэн юм.

2018 онд JCI энэхүү төслөө өргөжүүлэн БСШУСЯ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагуудтай хамтран Сүхбаатарын талбай дээр хаврын цэцгийн баяр хийсэн билээ.

2019 онд JCI Их хүрээ салбар байгууллагын хэрэгжүүлдэг “Ногоон ирээдүй” төсөл хэрэгжээд 8 дахь жил болж буйг тохиолдуулан, хамрах хүрээгээ өргөжүүлэн энэ жил 8 аймагт “эко сургууль” бий болгох, зорилт тавин ажилласан юм. Нийслэлийн 3 дүүргийн 92, 117, 12 дунд сургууль дээр 600 ширэг цэцэг бэлэглэн цэцгийн баяр хийснээс гадна, монгол орны хамгийн баруун бүсээс эхлэн, хойд бүсийг хамран байгалийн, болоод цаг уурын хүндхэн аймгийг сонгон уг төслийг хэрэгжүүлээд байна.

Увс, Ховд, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ, Дундговь гэх 8 аймгийн 12 сургуульд 8-р ангийн дүү нартай хамтран 1550 ширхэг агч модны суулгац суулгаж амжилттай хэрэгжүүлж нээлтээ хийлээ. 8-р ангийн дүү нар минь бүгд өөрсдийн гэсэн нэртэй модтой болсондоо туйлаас баяртай байсан.

2019 онд нийт орон нутгийн 8-н аймаг, 4848 км зам туулан, 1550 мод, 600 цэцэг, 1200 сурагчдыг хамруулан, Их хүрээ салбар байгууллага дотор “Таны хандивласан нэг цэцэг, нэг мод бидний ирээдүй хойч үед минь агаар болон үлдэх болно” аян өрнүүлэн 30 гаруй гишүүдээс 11,350.000 төгрөгийн хандив босгож уг төсөлөө маш амжилттай хэрэгжүүлээд байна

“Ногоон ирээдүй төсөл” нь JCI Монгол байгууллагын 2019 оны шилдэг “Харилцаа, хамтын ажиллагаатай “төслөөр шалгарчээ.

Exit mobile version