Нийгэм
Хэлмэгдэгсдийн музейн суурин дээр барилгын ажил эхлүүлсэн компанийн үйл ажиллагааг зогсоолоо
Хотын захирагч С.Амарсайхан түүх дурсгалын газруудаа хамгаалах тухай шийдвэрийг гарган ажиллаж ирсэн. Улаанбаатар хотод түүх соёлын дурсгалт цөөхөн барилга байдгийн нэг нь “Хэлмэгсдийн музей”. Өндөр шилэн барилгууд дунд орших хоёр давхар улаан хүрэн дүнзэн байшинд Ерөнхий сайд асан П.Гэндэн амьдарч байсан түүхтэй.
Эл барилга хуучирч өнгө зүсээ алдсан тул Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн ажиллаж, амьдарч байсан тус хоёр давхар модон байшинг сэргээн засварлаж, 22 давхар музей, оффисын зориулалттай шилэн барилга барьж, нэг давхарт нь хэлмэгдэгсдийн музейг байрлуулж үзмэр болгох талаар П.Гэндэнгийн сангийнхан болон түүний ач, хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат өмнө ярьж байсан удаатай.
Тэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт “П.Гэндэнгийн нэрэмжит сан” ТББ-ийн зүгээс Хэлмэгсдийн музейн архетиктур төлөвлөлтийн даалгаварыг шинэчлэх хүсэлт өгсний үндсэн дээр архетиктурын даалгаврыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэсэн ч барилга барих тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгоогүй байна. Гэтэл барилга барих тусгай зөвшөөрөлгүй тус газарт нэр бүхий компани барилгын ажлыг эхлүүлж, газар хорооны болон барилгын ажлыг эхлүүлсэн байна.
Хотын захирагч С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад хандан түүхийн дурсгалт барилгыг дур мэдэн буулгаж, зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлсэн компаниудад хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох үүрэг чиглэлийг өгсөн.
Энэ дагуу өчигдөр /2020.03.25/ нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газрын албаны хүмүүс зөвшөөрөлгүй барилга барьж байгаа тус компанийн үйл ажиллагааг зогсоолоо.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Энхтүвшин “Гэндэнгийн нэрэмжит сан” ТББ-ын захиалгаар баригдаж байгаа энэ барилгын суурийг өнгөрсөн нэгдүгээр сард цутгаж байх үед барилгын ажлыг зогсоож байсан. Барилга барих тусгай зөвшөөрөл гэрчилгээгүй учраас өнөөдөр дахин ирж барилгын үйл ажиллагааг нь зогсоож Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээг авлаа.Эл барилга анх музей конторын зориулалтаар зураг төсөл нь хийгдсэн боловч анхны зураг төслөө өөрчилж өнөөдөр 22 давхар орон сууц үйлчилгээний зориулалтаар баригдахаар ажлын зураг хийгдсэн байна” гэв.
Хэлмэгсдийн музейн газар нь П.Гэндэн сангийн эзэмшилд байдаг аж.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс