Нийгэм

Осолд орсон машинуудыг импортлох нь иргэдийн амь насанд аюул учруулж байна

Нийтэлсэн

Автомашины худалдаа эрхэлдэг зарим ченж нар гадаад улсад осолд орсон, байгалийн гамшигт өртсөн, эвдрэлтэй автомашинуудыг Монголд сэлбэг нэрээр татваргүй авчирч байгаа нь нууц биш. Тэд Японд осолд орсон машинуудыг интернэтээс хямд үнээр худалдан авч Монгол руу ачуулдаг байна. Улмаар эвдрэлтэй машиныг Вьетнам засварт засуулаад бичиг баримтыг нь өөрчлөн, Японд ямар нэгэн асуудалгүй явж байсан машин хэмээн өндөр үнээр худалддаг аж. Энэ нь иргэдийн аюулгүй байдалд заналхийлж, улмаар иргэд амь насаараа хохирсоор байна. Өнгөрсөн 2019 оны 9 дүгээр сарын байдлаар 18131 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 430 хүн амь насаа алдсан тоо бий. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь харамсалтай.

Импортын автомашинуудын 90 хувь нь Япон улсаас орж ирдэг бөгөөд өдөрт дунджаар дөрвөн чингэлэг машин гаалийн хяналтын бүсэд буудаг байна. Жилд дунджаар 50 мянган тээврийн хэрэгсэл хилээр орж ирдэг бол энэ тоо жилээс жилд өссөөр байгаа юм. Хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн дийлэнх нь 4-6, 6-9 жил ашиглагдсан буюу он хуучин машинууд, дээрээс нь эвдрэл гэмтэл ихтэй байгаа юм. Тээврийн цагдаагийн алба, Зам, тээврийн хөгжлийн яам болон Прокурорын байгууллагаас осолд орсон тээврийн хэрэгсэл дээр судалгаа хийхэд 10-аас дээш жил ашиглагдсан автомашинуудын 70 хувь нь осолд өртсөн байжээ.

Тэгвэл Зам тээврийн яамнаас осолд орсон автомашинуудыг импортоор оруулахгүй байх арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж. Энэ талаар ЗТХЯ-ны сайд Л.Энх-Амгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Удахгүй Авто тээврийн үндэсний төв дээр тухайн тээврийн хэрэгсэл хаана үйлдвэрлэгдсэн, өмнө нь осолд орж байсан уу, хаанаас борлогдов зэргийг байршуулахаар Японы талтай ярьж байгаа. Тэгэхээр тухайн тээврийн хэрэгслийн түүх гарч ирнэ. Манайхан хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй угсарсан, эсвэл өмнө нь осолд орсон автомашиныг зарж, борлуулдаг. Ийм тээврийн хэрэгслүүдийг хилээр оруулж ирэхгүй байх асуудлыг ярьж байгаа” гэжээ. Хэрвээ дээрх шийдвэр хэрэгжиж эхэлбэл олон зуун хүний амь насыг хамгаалсан, осол аваараас урьдчилсан сэргийлсэн ажил болох нь тодорхой юм. Дээрх шийдвэрийг иргэд ч дэмжиж байна.

Exit mobile version