Улс төр
У.Хүрэлсүх танхимдаа хэнийг үлдээж, хэнийг үдэх вэ?
Засгийн газар шинээр дахин бүрдэх сургаар МАН-ынхан үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт үймэлдэж эхэлжээ. Нэг хэсэг нь УИХ-ын дарга Г.Занданшатарыгаа буруутгаж байгаа бол нөгөө хэсэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, баталсан УИХ-ын гишүүдээ чичилж буй гэх.
Сөрөг хүчнүүд харин “Хуулиа уншдаггүй баталдагийнх нь хар гай Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр илэрлээ” гэцгээн хуучилж сууна.
Хуульчдын тайлбараар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх тавдугаар сарын 25-наас өмнө Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д мэдүүлж, сайд нараа оруулж, батлуулах ёстой.
Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим заалт ирэх тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлснээр шинэ танхим бүрдэх шаардлагатай болж буй аж. Хэрэв танхимаа шинээр бүрдүүлэхгүй бол гарч буй шийдвэр, хийсэн ажил бүхэн Үндсэн хууль зөрчинө. Эцэг хуулийг хэнбугай ч гишгэлэх ёсгүй.
Ядахад өнөө жил УИХ-ын сонгууль болно. Дайны хажуугаар дажин гэгчээр шинэ коронавирусийн халдвартай тэмцэх, эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах зэрэг шилээ дарсан олон ажлууд хүлээгдэж, бахардуулж буй.
Гэтэл нэмээд шинэ танхим бүрдүүлэх ажил хүлээгдэх болсон нь тойрогтой болох гэсэн гишүүдийнх нь зодоон дээр сайд болох амбицтай гишүүдийнх нь сонирхол нэрмэж, том зөрчил үүсгэж мэдэх нь. Ингэхдээ Ерөнхий сайд одоогийн Засгийн газрын гишүүдээсээ хэнийг үлдээж, хэнийг явуулах вэ гэдэг анхаарал татсан асуудал болж хувираад байна.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Засгийн газрын дөрвөн сайд л давхар дээлтэй байх боломжтой, бусад нь парламентын гаднаас томилогдох ёстой юм. Хэдийгээр Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх дархан эрх олгосон ч олон жилийн шүүмжлэл дагуулсан давхар дээлийн асуудлыг тоогоор хязгаарлах нь зөв юм аа гэж үзээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн төсөлд дээрх квотыг сонгосон. Иймээс МАН дотор ирэх тавдугаар сарын 25-наас урьтаж, хэн нь Засгийн газрын танхимд үлдэж, хэн нь жийгдэх вэ гэдэг тулаан явах болж буй гэх.
Сонгуулийн жилийг хэлэх үү, шинэ танхимд багтаж чадахгүй бол гологдлоо гэж сонгогчиддоо ад үзэгдэхээс эхлээд карьерт нь сөргөөр нөлөөлөх тул яаж ийгээд үлдэхийг л бодож таарна. Харин хэн нь үлдэх болдоо гэж…
Одоо Шадар сайдаар Ө.Энхтүвшин, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Н.Цэрэнбат, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ч.Улаан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ё.Баатарбилэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж, Зам тээврийн хөгжлийн сайдаар Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн, Батлан хамгаалахын сайдаар Н.Энхболд, Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл нар ажиллаж байна.
Хоёр сарын өмнө Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ирэх тавдугаар сараас хэрэгжиж эхэлснээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болсон тухай дуулиан дэгдэж, “Тамгын газрын дарга асан З.Энхболд нь хайнга хандаад заалтыг харахгүй явуулчихав уу, юу болов. Ерөнхийлөгч хэр ууртай байна вэ” гэцгээн үгэнд дурлацгааж байсан бол ойрын өдрүүдэд МАН-ынхны “нанчинлдаанд” чих тавьж суух ажилтай болов.