Эрүүл мэнд

Эрдэмтэд: 14 хоногийн тусгаарлалтын дараа халдварын шинж тэмдэг илэрнэ

Нийтэлсэн

Коронавируст халдварын талаар эрдэмтэн судлаачдын энэ сарын судалгааны дүнг тоймлон хүргэвэл:

Нэг. Коронавируст халдварын нууц хугацаа:

АНУ-ын Массачусетсийн их сургуулийн эрдэмтдийн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 97.5%-д нь халдвар авснаас хойш 11.5 хоногийн дотор эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ. Англи улсын Жон Хопкинсийн их сургуулийн судлаачид 10,000 хүн тутмын 101-д нь 14 хоногийн тусгаарлалтын дараа коронавируст халдварын шинж тэмдэг илэрнэ гэж үзэж байна.

Австралийн Дэйкиний их сургуулийн судалгаагаар БНХАУ-ын Хубей мужид аялсан хүмүүсийн коронавируст халдварын нууц үеийн хугацаа 3.2, аялаагүй хүмүүсийнх 14.6-17.1 хоног байжээ. Коронавирус хүний биед 20-оос доошгүй хоног хадгалагдаж байгаа учраас улс орнууд сэжигтэй иргэдийн тусгаарлах хугацааг нэмэгдүүлж байна.

Хятад-Японы “Найрамдал” эмнэлгийн судалгаагаар өвчтөн 20 гаруй хоногийн хугацаанд бусдад халдвар тараах эрсдэлтэй бөгөөд шинж тэмдэг илрээгүй үед ч халдвар тараадаг болохыг тогтоосон байна. Өвчтнүүдийн 44% нь шинж тэмдэггүй хүнээс халдварласан байх магадлалтай байна.

Японд тандалтаар коронавируст халдвартай хүмүүсийн 30.8%-д, БНСУ-д 20 гаруй хувьд өвчний шинж тэмдэг илрээгүй байна.

Тусгаарлалтыг 21 хоног болгон сунгах нь өвчнийг хянах, тархалтыг бууруулахад үр дүнтэй арга, түүнчлэн тусгаарлалтын хугацаа цаашид нэмэгдэх магадлалтай гэж эрдэмтэн судлаачид үзэж байна.

Хоёр. Хүүхдийн өвчлөлийн талаар: АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв коронавируст халдвар хүүхдэд халуурах, нусгайрах, ханиалгах зэрэг томуу өвчний шинж тэмдэгтэй хөнгөн хэлбэрээр илэрч болно. Харин суурь өвчтэй хүүхдүүд коронавируст халдвараар хүндрэх эрсдэл өндөр гэж үзсэн байна.

БНХАУ-д коронавируст халдварын сэжигтэй 2,143 хүүхдэд шинжилгээ хийхэд 731 нь эерэг, 1412 сөрөг байсан байна. Хүүхдүүдийн 6% нь хүнд байсан бол насанд хүрэгчдэд энэ үзүүлэлт 18% байжээ.
БНСУ-д 1-р сарын 19-нөөс 3-р сарын 02-ны хооронд бүртгэгдсэн 4,212 тохиолдлын 4.8% нь 0-19 насныхан байна.

Харин АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв 2,500 өвчтнийг хамруулан судлахад эмнэлгийн яаралтай тусламж авсан иргэдийн 38% нь 20-54 насныхан, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлсэн хүмүүсийн тэн хагас нь 65-аас доош насны иргэд байна. Энэ нь өндөр настан өвчлөлд өртөх магадлал хамгийн өндөр гэх дүгнэлт эргэлзээтэй болохыг харуулж байна.

Гурав. Вирус илрэх байдал
Бээжингийн “Амьсгалын замын өвчин судлалын үндэсний төв”-ийн судлаачид 205 өвчтний 5 төрлийн 1070 сорьц шинжлэхэд цэрнээс вирус хамгийн их илэрчээ.

Ухань хотод халдварын улмаас нас барсан хүмүүсийн эмнэл зүйн явц ба эрсдэлт хүчин зүйлсийг судлахад коронавирус хүний биед дунджаар 20 (IQR 17.0-24.0) хоног амьдрах чадвартай, түүнчлэн нас барсаны дараа ч вирус илэрсэн байна.

Даймонд Принцесс усан онгоцны зорчигчдыг буулгаснаас хойш 17 хоногийн дараа гадаргуугийн арчдаст коронавирус илэрчээ.

Exit mobile version