Covid-19

ЭМЯ: ХӨСҮТ-д 208 хүн тусгаарлагдаж байна

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит цаг үеийн мэдээлэл хийж байна. Тус яамнаас агаар дуслын замаас гадна өтгөн, бохироор халдварлах өндөр магадлалтай гэдгийг сэрэмжлүүллээ.

Коронавирусийн халдвар нь амьсгалах найтаах үед хамар ам, нүдний салстаар болон ахуйн халдвараар тархаж байгаа тул гараа сайн угааж, хүний гар хүрдэг хэсгийг арчиж цэвэрлэх нь халдварын тархалтыг бууруулах хамгийн найдвартай арга гэж ДЭМБ-аас зөвлөжээ. Эрүүл мэндийн яамнаас худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, хоёр метрийн зайнд харилцах тэмдэглэгээг байршуулах зөвлөмжийг хүргүүлсэн байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

-Төмөр замын галт тэргээр 11 эм эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна. УОК-ын хурлаар тусгаарлах хугацааг 21 хүртэлх хоногоор сунгасан. Тусгаарлах байрыг ганцаарчлах нөхцөлөөр шийдвэрлэсэн. Тусгаарлагдаж буй иргэдийг шинжилгээнд хамруулах, сөрөг тохиолдолд онгоцонд зорчуулах, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэдийг онгоцоор зорчуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Зорчигчдын халууныг хоёр цаг тутамд шалгахаар болсон. Бид тусгай үүргийн онгоцонд явах эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн бэлэн байдлыг хангахаар ажиллаж байна. ДЭМБ-аас гаргасан сэжигтэй тохиолдлын тодорхойлолт өөрчлөгдөж 16 хоног болсон. Тиймээс өвчтэй хүнтэй нэг метрийн зайнд харьцсан хүмүүсийг сэжигтэй гэж үзэж, тусгаарласан. Халдвар Монгол Улсад тархах өндөр эрсдэлтэй. Халдварын нууц үеийн хугацааг 14 хоног гэж ДЭМБ-аас үзэж байна. Халдварын нууц үеийн дээд хугацаа 15-28 хоног гэж судлаачид үзсэн учраас тусгаарлах хугацааг 21 хоног болгон өөрчиллөө. Европын орнуудад 30 гаруй хувь нь шинж тэмдэггүй халдвартай өвчтөнүүдээс халдвар авсан байх магадлалтай байна. Өвчлөлийн 38 хувь 20-54 насны иргэд байна. Тиймээс бид иргэдийг халдварын шинж тэмдэг илэрвэл маск зүүж, гараа угаан эмнэлэг рүү холбогдож тусламж үйлчилгээ авах хэрэгтэй. Аливаа буруу ташаа мэдээлэлд бүү мартаарай. Бид БНХАУ-ын Эрүүл мэндийн Үндэсний хороотой хамтран уламжлалт анагаах ухаанаар хэрхэн эмчлэх талаар өнөөдөр туршлага солилцох хурлыг зохион байгуулна. Коронавирусийн халдварт 300 тэрбум зарцуулна гэж УИХ-ын нэр бүхий гишүүн мэдээлсэн нь ташаа. Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ ил тод хүргэж байгаа.

КОРОНАВИРУС ИЛЭРСЭН ХҮМҮҮСТЭЙ ОЙРЫН ХАВЬТАЛ БОЛСОН 71 ХҮНЭЭС КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Токио-УБ онгоцоор ирсэн 96 зорчигчоос сөрөг хариу гарсан. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 71 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Берлин-УБ, Сөүл-УБ, Берлин-УБ онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг үе шаттай зохион байгуулж байна. Гуравдугаар сарын 25-нд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол сөрөг гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 208 хүн тусгаарлагдаж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа нь сайн мэдээ юм.

ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦ НИСЭХ ХУВААРИЙГ ТУСГААРЛАХ БАЙРНЫ НӨӨЦТЭЙ УЯЛДУУЛНА

Эрүүл мэндийн яамнаас гадаадаас иргэдээ татах тусгай үүргийн онгоцны хуваарийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдах 21 хоногийн нууц үеийн хугацаа дуусахтай уялдуулан гаргана гэх тайлбар өгөв. Эрүүл мэндийн яамнаас хүн амын дотор халдвар тархах эрсдэлийг тооцож, 5000 эмнэлгийн орыг дэлгэх шаардлагатай байна. Одоогоор 1842 резидент эмч нар болон Анагаахын их сургуулийн төгсөх эмч нарыг шаардлагатай үед дайчлах юм байна

Exit mobile version