Энтертайнмент
Жастин Гатлин: Би 39 насандаа олимпод түрүүлж чадна
Усайн Болтын мөнхийн өрсөлдөгч, олимп, дэлхийн аварга Америкийн ойрын зайн гүйгч Жастин Гатлин 39 насандаа буюу 2021 онд Токио-2020 олимпийн наадамд алтан медаль авч чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Түүнээс сэтгүүлч Токиогийн олимпийн наадамд түрүүлж чадах уу гэж асуухад “Миний туршлага дээр үндэслэн тааварлаж хэлэхэд би чадна. Олон хүн цаг хугацааг миний эсрэг явж байгаа гэж бодож байна. Гэхдээ энэ бол үнэнээс хол зөрүү. Биеэ амрааж, өөртөө анхаарал хандууулж, үргэлж өөрийгөө хурцалж чадвал би 2021 онд дахин цэнэглэгдсэн мэт эрч хүчтэй байх болно. Миний бие махбодь 2020 онд олон уралдаанд оролцсон ч цуцахгүй. 38, 39 насны хооронд их ялгаа байхгүй шүү дээ” хэмээжээ.
Өдгөө 38 настай Америк хурдлагч маань 2004 оны Афины олимп болон 2017 оны Лондонгийн хөнгөн атлетикийн ДАШТ-нд түрүүлсэн юм. Гэвч тэрбээр 2001 онд болон 2006-2010 онуудын хооронд допингийн шинжилгээнд бүдэрч эрхээ хасуулж байсан билээ.
Ирэх долдугаар сард нээлтээ хийх байсан Токио-2020 олимпийн наадам шинэ коронавирус цар тахлын улмаас бүтэн нэг жилээр хойшилж, 2021 оны зун гэхэд дахин зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байгаа.