Covid-19
Тусгай үүргийн онгоцоор 750 гаруй иргэнийг авчирна
Ирэх сард буюу дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн Сөүл болон Токио хотоор дамжуулан хилийн чандад байгаа, хүндэтгэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг авчирна. Хуваарийн дагуу ирэх сард гурван удаагийн нислэгээр 750 гаруй иргэн тусгай үүргийн онгоцоор ирэх ажээ.
Дөрөвдүгээр сарын 2-нд 08.00 цагт БНСУ руу дараагийн ээлжийн тусгай үүргийн онгоц илгээнэ.
Дөрөвдүгээр сарын 3-нд Япон улс руу,
Дөрөвдүгээр сарын 4-нд 08.30 цагт БНСУ руу тусгай үүргийн онгоц илгээнэ. Ингээд гурван удаагийн тусгай нислэгээр 750 гаруй иргэнийг эх оронд нь авчрах юм. Тэднийг хамгийн багадаа 21 хоног тусгаарлах юм.
Мөн БНСУ-ын Сөүл хот руу зорчих хүсэлтээ өгсөн 320 гаруй иргэдээс 250-ыг нь дөрөвдүгээр сарын 2-нд БНСУ руу нисэх онгоцоор авч явна. Үлдсэн иргэдийг дараагийн нислэгээр авч явах аж.
Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна. Тухайлбал,
Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт 1 сая 50 мянган төгрөг,
0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянган төгрөг байна.
Дээрх төлбөрийг тус улсуудаас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.
Төлбөр хийхдээ тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаар болон байрны төлбөр гэдгийг заавал тодорхой бичихийг анхааруулж байгаа юм.
Түүнчлэн шинэ төрлийн коронавирус буюу Covid-19-т халдвартай холбоотойгоор Улсын онцгой комиссын шийдвэрээр гаднын оронд байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн сарын 15-наас эхлэн авчирч байгаа. Тухайлбал, БНСУ, Япон, ОХУ, Бүгд найрамдах Турк улс болон Европын орнуудад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ дөрвөн удаагийн нислэгээр авчирсан. Тусгай үүргийн дөрвөн удаагийн нислэгээр ирсэн иргэн болон нислэгийн багийн гишүүнтэй нийлсэн 1000 гаруй иргэн бүгд тусгаарлалтад байгаа юм. Тухайлбал,
Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 244 иргэнийг эх оронд нь авчрав.
Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 231 монгол иргэн ирэв.
Гуравдугаар сарын 16-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц Японоос 257 иргэнээ авчрав.
Гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 252 иргэн ирсэн юм.